Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон нэр бүхий банкуудын талаарх МЭДЭГДЭЛ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN

iKon.mn  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2015, 2016, 2017, 2018 онуудад гарсан бүх зарлагын гүйлгээнээс ЗЭЭЛ ОЛГОВ гэсэн гүйлгээний утгатай баримтуудыг ТАНИЛЦ: ЖДҮХС-гаас 2015-2018 онд олгосон БҮХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ гэж танилцуулсан билээ. 

Харин энэхүү мэдээллийг ашиглан зарим хүн улстөрийн зорилгоор өөрсдөө аваагүй харин дамжуулах үүргийг гүйцэтгэсэн нэр бүхий банкуудын нэр хүндэд халдах тохиолдол гараад байна. 

2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний Ж.Эрдэнэбатын Засгийн газар түр журам гаргаж улмаар ЖДҮХС-гийн зээлийг банкаар бус сангаас шууд олгох давхар боломжтой болгосон юм. Харин энэ хүртэл арилжааны банкуудаар зээл олгогдож байсан бөгөөд энэ нь тухайн банк зээл авсан бус зөвхөн дамжуулан гүйцэтгэсэн ажил болохыг анхаарна уу. 

Үүнтэй холбоотойгоор Банкны Холбооны гаргасан мэдэгдлийг бид бүрэн эхээр нь хүргэж байна. 



МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй “ЖДҮХС-гаас 2015-2018 онд олгогдсон БҮХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ”-д дурдагдсан “банкаар дамжсан зээлийн санхүүжилт”-ийн жагсаалттай холбоотойгоор харилцагч, олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

ЖДҮХС-аас арилжааны банкуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эхлээд ЖДҮХСангаас дэмжих төслүүдээ сонгон шалгаруулж, тухайн зээл хүсэгчийн сонгосон банкаар дамжуулан зээлдэгчийг судлах ажиллагааг хийлгэдэг байсан билээ. Арилжааны банкны хувьд сонгогдсон төсөлд мэргэжлийн судалгаа, үнэлгээ, шинжилгээг хийж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн болон банкны зээлийн бодлого, журмын шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд банкны зээлийн шаардлагыг хангаж буй бичгийг ЖДҮХСанд хүргүүлэн, улмаар санхүүжилтийг сангаас хүлээн авч, зээлдэгчид дамжуулан олгож ирсэн болно.

Зээлийг дамжуулан олгосон банкны хувьд зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд байнгын хяналт тавих, тухайн зээлдэгч хугацаандаа зээлээ төлсөн эсэхээс үл хамаарч ЖДҮХСанд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу шилжүүлэх үүргүүдийг ЖДҮХСангийн өмнө хүлээдэг байсан. Өөрөөр хэлбэл, арилжааны банк нь хамтран ажиллах хугацаандаа ЖДҮХСангаас авсан зээлдэгчдийн зээлийн эрсдэлийг бүрэн хариуцан ажилладаг байсан болно.

2015-2016 онд ЖДҮХС-ийн шаардлагыг хангасан нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан олгох гэрээний хүрээнд нийт 28.6 тэрбум төгрөгийн зээлийг олгож, Монгол Улс дахь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж, олон зуун мянган ажлын байрыг нэмэгдүүлж, нийгэм эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол Улс дахь банк санхүүгийн зуучлалын үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж, улс орныхоо эдийн засаг, нийгэмд жинтэй хувь нэмрээ оруулсаар буй арилжааны банкуудын мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд буруу ташаа мэдээлэхгүй байхыг Монголын Банкны Холбооны зүгээс хүсье.

 

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО