Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрс тээвэрлэж буй 13,000 жолоочийг Засгийн газар анхааралдаа авахгүй бол суулт хийж, өлсгөлөн зарлана"

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг болон нүүрс тээвэрлэж буй жолооч нарын гэр бүлийнхнээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 160 компанийн нэр дээр 13,000 жолооч нүүрс тээвэрлэж буй. БНХАУ-ын талаас нүүрс таталт хэвийн явуулж эхэлсэн тухай энэ сарын 19-ний өдөр мэдээлсэн ч бодит байдал дээрдээгүй, жолооч нар зам дээр урт дараалал үүсгэн 30 хүртэл хонож буй талаар тэд дурдлаа. Ийнхүү удаан сул зогсож байх зуур жолооч нар шатахуунаа барж, хил гарч, нүүрсээ буулгаж чадсан зарим нь цалингийнхаа тал хувийг түлш, хоолны мөнгөнд суутгуулж байгаагаас болоод ар гэртээ мөнгө явуулж, банкны зээлээ төлөх нь битгий хэл гэртээ харих боломжгүй болоод байгаа аж.

Хүнд нөхцөлд ийн ажилласнаас маш олон жолооч архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдаж байгааг Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэгийнхэн 100 гаруй км алхаж, 500 жолоочтой биечлэн уулзаж, нөхцөл байдлын судалгаа хийх явцдаа тодруулжээ. “Нүүрс тээвэрлэж байгаа эрчүүддээ тусламж дэмжлэг үзүүлж, хамгаалахаас аргагүй болоод байна. Зуд турхан болоход хэдэн малаа хамгаалах гэж ард иргэд, Засгийн газартайгаа нийлээд, эрвийх дэрвийхээрээ ажилладаг. Тэгвэл Тавантолгойд монгол хүн архины хамааралтай болж, сэтгэл гутралд орж, амь насаа алдаж, ар гэр нь хүнд стресст, дарамтанд орж байна. Мөнгө төгрөг олохоосоо илүү их хохирлыг тэр хүмүүс амсаж байна. Энэ бол зөвхөн 13,000 жолоочийн асуудал биш, түүний цаана 40-50 мянган хүний асуудал. Жолооч нар аюултай нөхцөлд ажиллаж байна гэсэн судалгааны дүгнэлт гарсан” хэмээн Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Цогтсугар мэдээллээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнээс гадна хил дээр нүүрс тээвэрлэсэн машины урт цуваа үүсчихээд, жолооч нар нь нэг сар хүртэл дугаарлан, хүйтэнд хөрж, хоол ундгүй ажиллаж байхад УУХҮЯ-наас ямар ч арга хэмжээ авахгүй, мэдээлэл хийхгүй байгааг Тээвэрчдийн холбооны тэргүүн н.Түвшинзаяа шүүмжлэв. Иймд тус холбоод хамтран Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Үүнд: 

  • Дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай бүх уурхай хамтран тээвэрт явж буй жолооч нарыг дулаан байр, халуун хоол хүнсээр хангах
  • Сул зогсолттой холбоотойгоор нэг удаагийн рейсний мөнгийг олгож, гэртээ харих боломжийг бүрдүүлэх
  • Засгийн газар холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын Түр зөвлөл байгуулж, арваннэгдүгээр сарын 31-ний дотор өргөтгөсөн уулзалт зохион байгуулах
  • Засгийн газар жолооч нарын асуудлыг анхааралдаа авч, ГХЯ-нд үүрэг өгч, иргэдийн эрхийг хамгаалах Консулын газрыг хилийн цаана нээх зэрэг асуудлуудыг багтаажээ. 

Хэрэв Засгийн газар энэ шаардлагыг хүлээн авч, 13,000 жолоочид анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалахгүй бол төрийн бус байгууллагууд суулт хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.