Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Наранбаатар: Боомтын цагийн хуваарийг сунгах хүсэлтийг дахиад тавина

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 11 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Урд хөрш нүүрсний таталтаа бууруулсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод 80-90 км-ийн дараалал үүсэж, 5,000 гаруй тээврийн жолооч нарын нөхцөл байдал хүндрээд байсан юм.

Өмнө нь өдөрт дөрвөн гарцаар 1,200-1,300 автомашин нэвтэрдэг байсан бол энэ сарын 9-нд тэг зогсолт хийж, түүнээс татан авалт эрс буурчээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-н талаас энэ сарын 15-18-ны хооронд гаалийн программд шинэчлэл хийхээр мэдэгдсэнээс хойш өдөрт 80 машин нэвтэрч урт дараалал үүсэж, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргээд байгаа юм. Анх мэдэгдэхдээ гурав хоногт программын шинэчлэл хийнэ гэсэн ч сунжирсаар өнөөг хүрээд байгааг АТҮТ-өөс хэлсэн.

Тэгвэл үүссэн нөхцөл байдал нүүрс тээврийн үйл ажиллагаа, хил нэвтрэлттэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан албаныхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Ганцмод боомтын удирдлагуудтай уулзалт хийжээ. Гашуунсухайт боомтын хил, гааль, хяналтын байгууллагуудын төлөөлөл ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлага, Ганц мод боомтын хил, хяналтын байгууллагуудын хамтарсан уулзалтыг Ганц мод боомтод хийсэн байна.

Уулзалтаар Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх зам дээр үүссэн нүүрсний автомашинуудын дарааллыг бууруулах асуудлаар ярилцаж энэ сарын 24-ний өдрөөс Улс тунхагласны баярын өдөр хүртэлх хугацаанд тодорхой хугацаагаар хилийн боомтын цагийн хуваарийг 21:00 цаг хүртэл ажиллуулахаар тохирч, мөн 25-ны амралтын өдөр боомтыг ажиллуулсан байна. Мөн дараалалд зогсож байгаа 5,000 орчим машиныг хятадын хил рүү хурдан татаж оруулах асуудлыг хөндсөнөөр сүүлийн гурван хоногт 200, уржигдрын байдлаар 529 автомашин татаад байгаа юм.

Цаашид нүүрсний таталт хэрхэн үргэлжлэх, хэзээ хэвийн байдалд шилжих талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараас тодруулахад “Зам дээр урт дараалал үүссэн нь Хятадын гааль ухаалаг хаалганы систем суурилуулж, хилээр орсон бүх автомашиныг нэг бүрчлэн шинэчилсэн бүртгэлд хамруулж, мэдээллийг нь чиптэй картанд оруулж машин бүрт нааж өгч байгаатай холбоотой. Энэ ажлыг ирэх сарын эхээр хийж дууссанаар цаашид хэвийн үйл ажиллагаанд шилжих боломжтой болох юм байна. Уулзалтын дараа Хятадын талын таталт сайжирч өдөрт 500 автомашин хилээр гарч байна.

Уулзалтаар Гадаад харилцааны яамнаас Хятадын ГХЯ-д нот бичиг явуулж боомтын цагийн хуваарийг нэг дагаар сунгаж, амралтын өдөр ажиллуулсан. Маргааш /өнөөдөр/ ажил эхлэхээр дахиад сунгах хүсэлтийг тавина. Энэ маягаар эхний ээлжинд урт дараалал үүсгээд байгаа 5,000 машиныг хилээр нэвтрүүлчихвэл ирэх сарын эхээр буцаад хэвэндээ орох талаар Хятадын талаас мэдэгдсэн.

Орон нутгийн зүгээс урт дараалалд байгаа машинуудыг замаас буулгаж парклах, машиндаа олон хоносон жолооч нарыг амраах ажлыг зохион байгууллаа. Дараалалд удаан зогссоноос даарч хөрөх, өлсөж цангах, түлш шатахуунаа үрэх, эмх замбараагүй байдал бий болох зэрэг асуудал гарч байна. Мөн Цагаанхаданд тодорхойгүй хугацаагаар архи, согтууруулах ундаа зарахыг хориглолоо. Тээврийн компаниуд энэ ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй” гэлээ.

Зураг