Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн судалгааны робот станц Ангарагт амжилттай газардлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA судалгааны шинэ робот станцаа өнгөрсөн шөнө Ангараг гарагт амжилттай газардууллаа.

InSight нэртэй уг станц Ангараг гарагийн газрын гүнийг судлах бөгөөд ингэснээрээ дэлхийгээс гадна дотор талаа судлуулсан анхны гараг болох юм.

InSight станц одоо тус гарагийн Elysium Planitia нэртэй, экваторт ойр тэгш газарт байрлаж байна. Энэ газрыг NASA Ангарагийн хамгийн том зогсоол гэж нэрлэдэг. Газардсанаас хойш хэдхэн минутын дараа станц анхны гэрэл зургаа дэлхий рүү илгээжээ. Загасны нүд хэлбэрийн дурантай камераар буулгасан уг зурагт станцын орчин тойрны газар, тэнгэрийн хаяа харагдаж байна.

Анхны зурагны чанар муу байгаа ч сүүлд илүү тод, нарийвчлал сайтай дүрс илгээдэг болох гэнэ. Дуран дээр газардах үед боссон тоос шорооны ширхэгүүд байгааг харж болно.

NASA 2012 оноос хойш анхны станцаа Ангарагт буулгаж байгаа нь энэ юм. Өмнө нь Curiosity станцыг илгээж байсан. Одоо InSight станц нарны эрчим хүч хүлээн авагчаа ажиллуулж, өөрийгөө цахилгаанаар хангаж эхлэх ёстой. Ингэсний дараа Ангарагийн маш хүйтэн уур амьсгалтай орчинд дотоод багаж төхөөрөмжүүдээ ажиллуулахын тулд халаах юм.

 

Үүний дараа судалгааны ажилдаа орно. InSight станцыг энэ оны тавдугаар сарын 5-нд дэлхийгээс хөөргөсөн юм. 200 гаруй хоногийн хугацаанд 430 сая гаруй километр замыг туулан Ангарагт хүрсэн нь энэ ажээ.

 

Эх сурвалж: BBC