Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

БҮБҮ, БУМБАРДАЙ хоёрын явдал... ШИНЭ ТӨРӨЛ ЭХЭЛЛЭЭ

ikon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN

Өнөөдрөөс эхлэн та бүхэнд өдөр бүр хүрэх болсон "Нүүдлийн Зурган Өгүүлэмж" сангийн бэлтгэсэн Бумбардай цуврал комикийн талаар "Нүүдлийн Зурган Өгүүлэмж" ТББ-ын Ерөнхий продюсер Э.Тамиртай товч ярилцлаа.

 

-Дэлхийн олон улсад комик урлаг өндөр хөгжсөн харагддаг. Харин манай улсад комик урлагийн хөгжил ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсад комик урлаг 1920-иод оноос эхлэн ер нь нийгмийн олон салбарын хөгжилд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулсаар ирсэн гэж хэлж болно.

Комикын өөрийнх нь гол зорилго нь суртал ухуулгыг түгээх, хамгийн энгийн, ойлгомжтойгоор аливаа мессежийг нийгэмд өгөх  зорилготой.

Тэр үеийг одоогийн байдалтай харьцуулбал видео, дэлгэцийн контент сайн хөгжөөгүй байсан тул хамгийн дүрслэлтэй,  ойлгомжтой хэлбэрээр аливаа мэдээллийг түгээх арга барил нь комик байсан гэж хэлж болно.

Харин бидний энэ удаа хийж буй "Комик стрип" хэлбэрээр хийгдсэн мэргэжлийн ажил манайд ховор. Комик стрип гэдэг нь өдөр бүр гарах, тодорхой зохиолын дагуу явагддаг цуврал гэсэн үг юм.

-Энэхүү ажлыг хийх болсон гол зорилго нь юу вэ?

-Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд маш олон төрлийн асуудал тулгарч байна.

Энэхүү асуудлуудад Бумбардайгаар дамжуулан хувь нэмэр оруулах, өөрчлөлтийг авчрах, үлгэр дуурайл үзүүлэх зэрэг нь гол зорилго юм. Ер нь аливаа нийгэмд тулгамдаж буй ихэнх асуудал нь хүмүүсийн зан, хандлага, аливаа зүйлийн талаарх мэдлэг, ойлголт дутмаг байдгаас үүдэж гарч ирдэг гэж хэлж болно.

Харин Бумбардай цуврал комикоороо дамжуулан иргэдэд мэдлэг, эерэг хандлага, мессежийг түгээх, буруу дадал, хэвшилд автуулахгүй байх цаашлаад нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах гол зорилготой юм.

-Цуврал комикийн эхний дугаар үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Комик бүтсэн зарим үйл явцаас дурдвал?

-Бид контент болгондоо Монголын эртний сэтгэлгээний өв соёлын зүйр цэцэн, онч мэргэн үгсийг мөн тусгаж, тодорхой сургаал, мессежийг хүргэхээр бэлтгээд байна.

Одоогоор бид эхний season /цувралыг/ ирэх оны долоодугаар сар хүртэл, ажлын таван өдрийн өдөр бүр гаргахаар төлөвлөлөө. Энэ их ажлыг зөвхөн манай байгууллага дангаараа хийж гүйцэтгэж гаргаж байгаа юм биш, харин маш олон салбар салбарын мэргэжилтнүүдийн хөдөлмөр бүтсэн ажил гэдгийг дурдах нь зүйтэй. 

Жишээ нь, бид Монголын өв соёлын талаарх судалгааны ажил гүйцэтгэдэг судлаач, түүхч, гэр бүлийн сэтгэл зүйч, олны танил болсон зарим эрхмүүд, шог зураач нараас маш их зөвлөгөө авч, ярилцсаны үр дүнд цувралын агуулгыг боловсруулсан.

Мөн эдгээрээс гадна Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг иргэдтэйгээ илүү ойр ажилладаг байгууллагуудаас олон нийтэд ямар төрлийн сургамж, санаа, мессежийг түгээвэл зохих тал дээр саналыг нь авч шингээх зэргийг асууж гаргасны үр дүнд маш олон хүний хүч хөдөлмөр, ухаан шингэсэн бүтээл болсон.

Бүтээл маань агуулга боловсруулах+ бүтээх + түгээх гэсэн гурван хэсэг ажилд хуваагдан одоо түгээх ажилдаа ороход бэлэн боллоо.

Энэхүү бэлтгэсэн цувралаа iKon.mn сайттай хамтран түгээх гэж байгаад баяртай байна. iKon.mn сайтын редакцын бодлого бүх насны хүмүүсийг мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээ мэдээллээ авдаг болгох бас нэгэн давхар зорилготой.

Мөн комикоороо дамжуулан хот хөдөөгийн ялгаа, тулгамдаж буй асуудал зэргийг эерэгээр гаргаж тавихыг оролдсон.

Учир нь хүмүүс, ялангуяа хүүхэд багачууд хөдөөний хүн гэхээр бага зэрэг сөрөг талаар нь харж, ойлгох хандлагатай байдаг. Харин хотын хүн гэхээр их сайхан, гоё гэж хүлээж авах нь элбэг харагддаг. Тийм ч учраас Бумбардайгаар дамжуулан энэхүү ойлголтыг багасгаж, арилгахыг зорьсон.

Ер нь энэхүү ажлыг хийж байгаагаараа бид өөрсдийн хүүхэд багачуудынхаа ирээдүйд бага зэрэг ч гэсэн өөрчлөлт гаргаж, эерэг нөлөө үзүүлэх цаад зорилготой юм. Мөн нийгэмд амьдарч буй хүмүүст тодорхой хэмжээний хотын соёл, аливаа эрсдэл, аюулаас хэрхэн сэрэмжилж, наад захын соёлыг түгээж, өөрчлөлт авчрах зэрэг зорилготой юм.

Мөн бид контентороо ганцхан мессежийг өгөх гэж буй биш харин цогц байдлаар хүргэж буй контент гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний бэлтгэсэн энэхүү цувралыг хүлээн авч, түгээх, хамтран бүтээлцэхэд хүн бүхний өмнө нээлттэй байх болно гэдгийг дуулгамаар байна.


Бумбардайг "Комик стрип":

 

Түүх ингэж эхэлжээ...

 

Цаашид энэхүү цувралыг ЭНЭ булангаас үзэх боломжтой.