Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Дижитал гарц"-аар цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг танилцуулав

ikon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяны хүрээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим төлбөр тооцоо болон финтек технологийг дэмжих, олон нийтэд таниулах зорилгоор “Дижитал гарц” өдөрлөгийг зохион байгууллаа.

Дэлхий нийтээр бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, цахим төлбөр рүү эрчтэй шилжиж буй энэ эринд монголчууд бид ч хөл нийлүүлж, санхүүгийн зах зээлд нэвтрээд буй мэдээллийн технологийн дэвшилтэт гарцыг ашиглаж, цаг хугацаа хэмнэж, орон зайг товчилж, хурдтай хөгжих боломж бүрдэж байна.

 

Технологи хөгжихийн хэрээр банкны салбар ч уламжлалт үйл ажиллагаанаасаа гадна иргэдийн цаг, завыг хэмнэх, төлбөр тооцооны үйлчилгээг түргэн шуурхай, хялбар хүргэх зорилго бүхий финтек үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж буй. Эхэн үедээ зөвхөн мөнгө шилжүүлэх, дансаа шалгах зэргээр хязгаарлагдаж байсан цахим банкны үйлчилгээ өнөөдөр банкны салбарт очилгүйгээр банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэзээ ч, хаана ч хүлээн авах боломжтой болсон нь финтек үйлчилгээний нэг үзүүлэлт юм. 

Монголбанк өнгөрсөн онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан бөгөөд хуулийн дагуу төлбөрийн системд цахим мөнгө ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус  хуульд нийцүүлэн  Монголбанкнаас Цахим мөнгөний журмыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ дагуу цахим мөнгө гаргах анхны албан ёсны зөвшөөрлийг 2018 оны аравдугаар сард олгосон нь үндэсний төлбөрийн системийн хөгжилд түүхэн үйл явдал болсон юм.

 

Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн зохицуулагч байгууллагын хувьд АХБ-ны зээлийн санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд төслийн хүрээнд төлбөрийн ₮ картыг олон улсын стандартын EMV/NFC чип технологид шилжүүлэх, автомат клирингийн системийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр зохион байгуулж буй “Дижитал гарц” өдөрлөгт санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид өргөн хүрээнд оролцож буй бөгөөд олон нийтэд өөр өөрсдийн цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав.

 

Монголбанкнаас санаачлан зохин байгуулж байгаа энэхүү өдөрлөгт  АХБ-ны “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл” Монголын банкны холбоо, “TEDx Ulaanbaatar”, Худалдаа хөгжлийн банк, ХасБанк, Голомт банк, ХААН банк, Төрийн банк, Ариг банк, Богд банк, Капитрон банк, Чингис хаан банк, Богд банк, МобиФинанс ББСБ, ККТТ ХХК  хамтран ажиллалаа.