Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Байгалмаа: Тооцооллын дагуу манай улсад 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр” жил бүрийн арван хоёрдугаар сарын 1-нд болдог. Энэхүү өдрийг угтан  “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон Монголын өнөөгийн байдал” сэдвээр өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд болон ТББ-ын төлөөллүүд мэдээлэл хийлээ. 

Энэ оны эхний 10 сарын байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 13,127 тохиолдол бүртгэгдсэний 33.9 хувийг хүйтэн, 38,2 хувийг тэмбүү, 27.8 хувийг трихомониазын халдвар, 0.1 хувийг ХДХВ/ДОХ эзэлжээ.

Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдлыг бүртгэсэн бол өнөөдрийн байдлаар 267 тохиолдлыг илрүүлсэн байна. Гэвч бүртгэгдсэн 267 тохиолдлын цаана тооцооллын дагуу 400 гаруй тохиолдол бий гэж үзэж буй юм.

Энэ тухай ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Д.Байгалмаа “Тооцооллын дагуу манай улсад 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай. Харин 2018 оны эхний арван сарын байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 266 (өнөөдрийн байдлаар энэ тоо 267 болсон) байгаа.

Үүний цаана дахиад 400 орчим хүн өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа. Учир нь ХДХВ-ийн халдвар авсан хүнд 10-15 жилийн турш ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Гагцхүү шинжилгээнд орсноор л мэдэгдэнэ. Тиймээс бид энэ жил “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД” уриан дор иргэдэд сургалт, сурталчилгааны ажлууд явуулж байна” гэлээ. 

Манай улс 2013 оноос эхлэн ХДХВ-ийн халдвар авсан хүний эмчилгээний зардлыг төр хариуцаж буй юм. Ингэхдээ нэг иргэний эмчилгээнд жилд 1.4 сая төгрөгийг зарцуулдаг байна. 

БЗДХ-ын талаарх тоо баримт: 
  • ХДХВ/ДОХ-ын халдвар авсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл 20-29 насныхан 51.6 хувийг эзэлж байна. 
  • Монгол улсад БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 12,074 хүнийг ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлж чадсан.
  • Дэлхий дахинд жилд 357 сая хүн шээс бэлгийн замын хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомониазьш аль нэгээр нь өвчилдөг (хламид 131 сая, заг хүйтэн 78 сая, тэмбүү 6 сая, трихомониаз 142 сая) байна.
  • Монгол улсад 15-49 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн тархалт Ази номхон далайн баруун эргийн бүсийн орнуудаас тав дахин өндөр байна.
  • Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2015 онд 52 тохиолдол бүртгэгдсэнээс 19 нярай, 2016 онд 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 нярай, 2017 онд 59 бүртгэгдсэнээс 13 нярай тус тус эндсэн.
  • 2017 онд ХДХВ, ДОХ-той бүртгэгдсэн тохиолдлын 44 хувь нь ДОХ-ын үе шатандаа буюу өвчний хожуу үедээ оношлогдсон байна.
  • БЗДХ-ыг зөв төгс эмчлүүлэхгүй байх нь үргүйдэл болон умайн гадуурх жирэмслэлтийн шалтгааны нэг болдог.
  • БЗДХ-тай иргэдийн 59.7 хувь нь гэр бүлтэй.
  • БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн гурван хүн тутмын нэгийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулдаг.