Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Билгүүн: Хоолныхоо уураг, нүүрс ус, тосыг тэнцвэржүүлж чадвал эрүүл хооллолт мөн

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 11 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг

Б.Билгүүн нь “Kaiderslauten University”-д химийн ухааны доктор хамгаалсан, өдгөө Хайделберг хотод “CaRLa” институтэд судлаачаар ажиллаж байна. Тэрбээр эх орондоо “Power Nutrition”-aac зохион байгуулах “Эрүүл амьдралын хэв маяг” өдөрлөгт лекц уншихаар түр ирсэн юм.

-Танд өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Энэ өдрийн мэнд.

-Та Герман Улсад 15 дахь жилдээ амьдарч, химийн судалгаа түүн дотроо органик хими катализ судалгаа хийдэг юм байна. Юуны түрүүнд судалгааны ажлынхаа талаар мэдээлэл өгөөч?

-Судалгааны талаар энгийнээр тайлбарлая. Ерөнхийдөө үйлдвэрийн явцад ямар нэг химийн бодисоос өөр бодис бий болгоход явагдах процессыг яаж илүү сайжруулах вэ. Өөр ямар химийн бодисыг ашиглаж, шинэ бүтээгдэхүүн гаргаж авах вэ гэдэг чиглэлээр ажилладаг гэх үү дээ. Ийм сэдвээр докторын ажлаа хамгаалсан. Монголд катализ сэдвээр ажиллана гэвэл ажлын байр байхгүй. Хөгжсөн оронд том үйлдвэрүүд дараагийн шинэ бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ, одоо байгаа бүтээгдэхүүнээ өөр материал ашиглаж, хэрхэн шинээр боловсруулах вэ гээд өөрсдийн судалгааны групптэй байдаг.

-Та сүүлийн жилүүдэд эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө мэдээллийг хүмүүст хүргэх болсон. Яагаад энэ чиглэлийг сонгох болов оо?

-Монголд сүүлийн гурав, дөрвөн жилд ирэхдээ энэ дэх бодит байдлыг ажиглалаа. Хараад байхад манай улсад эрүүл хооллолт гэдэг зүйл том асуудал болжээ. Мэдээж энэ нь маш олон шалтгаантай. Жишээ нь, Монголд зарагдаж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйл давсан хүнсний бүтээгдэхүүний TOO өссөн. Мөн тэрхүү хүнсийг зөв зохистойгоор яаж хэрэглэх вэ гэдэг мэдээлэл дутмаг байдаг. Үүнээс гадна хоол яг юунаас бүтдэг талаарх мэдээлэл хомс.

Тэгвэл хоол нь макро шим тэжээл буюу уураг, нүүрс ус, тос гэсэн гурван зүйлээс бий болдог. Эдгээр нь өөрсдөө агуулах илчлэг нь харилцан адилгүй. Хүний биед өгөх тус, тусын үйлчилгээтэй. Гэвч энэ талаарх мэдлэг дутмаг болохыг ажиглаад би Youtube дээр зөвлөгөө өгөх бичлэг хийж эхэлсэн. Энэ нь миний сонирхол юм. Одоо бол хобби илүү өргөжиж “Power nutirion’’-тай хамтраад эрүүл хооллолтын талаар өдөрлөг зохион байгуулах хэмжээнд хүрсэн. Одоо “Power nutirion’’-ий зөвлөхөөр ажиллаж байна.

-“Power nutirion” бол манай улсад нэмэлт бүтээгдэхүүн уураг, витамин худалддаг томоохон газруудын нэг. Та ер нь энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, уураг, тэжээлийн талаар ямар бодолтой явдаг вэ. Нэмэлт зүйлсийг хэрэглэх нь зөв үү?

-Энэ асуултад маш нарийн хариулт өгөх шаардлагатай. Яагаад гэхээр хүмүүс юмыг хялбарчилж ойлгохыг хичээдэг. Нэг хүн “Энэ муу, энэ сайн” гээд хэлэхэд л итгэдэг. Мөн надаас энэ бүтээгдэхүүн “Сайн уу, муу юу” гэж асуудаг. Үнэн хэрэгтээ би тэр хүний бие махбодод юу хэрэгтэй ямар онцлогтойг нь мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор би зөвлөгөө өгөх боломжгүй байдаг. Манайхан мэдээлэл бага учраас ингэж асуудаг.

Ядаж л хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ орцыг хараад хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тийм учраас би Youtube дээр бичлэг хийдэг. Бичлэг дээр уураг нь яг ямар, ямар төрөл байдаг, хүний биед чухам яагаад хэрэгтэй тухай мэдээлэл өгөхийг зорьсон.

-Монголчуудын хувьд яах аргагүй эрүүл хооллолт, таргалалт асуудал болоод байна. Мэдээж буцаад турахын тулд тураах бүтээгдэхүүн ихээр хэрэглэх юм. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Над руу маш олон хүн бүтээгдэхүүнийхээ зургийг явуулаад энийг уувал би хэдэн килограмм турах вэ гэж асуудаг. Таргалалт яаж үүсдэг гэхээр нэгдүгээрт, хөдөлгөөн дутагдсанаас, хоёрдугаарт, хэтэрхий их бэлэн бүтээгдэхүүн хэрэглэсэн болон хэт их идсэнээс болно. Өөрөөр хэлбэл, хүний өдөрт зарцуулсан илчлэг хоол хүнсээр авсан илчлэгээсээ бага байхад таргална. Тэгэхээр тухайн хүн турмаар байвал юу идэж байгаадаа анхаарах хэрэгтэй. 

Өнөөдөр гурван таваг хоол идэхэд жин нэмээд байгаа бол маргааш хоёр таваг болгоод мөн дээрээс нь хөдөлгөөнөө нэмэх хэрэгтэй. Тураах бүтээгдэхүүн хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Тураах бүтээгдэхүүн хэрэглээд хоолоо багасгахгүй, хөдөлгөөн хийхгүй байж турахгүй байна гээд байдаг. 
Түүнчлэн хүмүүст уураг уухгүй л бол булчинтай болохгүй байна гэсэн ташаа ойлголт байдаг. Энэ бол худлаа мэдээлэл. Та мах сайтай хоол идэж байгаа бол уургийнхаа хэрэглээг бүрэн хангаж чадна.

-Германд таргалалт хэр байдаг вэ?

-Герман нь Европ дотроо таргалалт ихтэй орон. Үүний шалтгааныг судлаад үзэхээр бэлэн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсон явдал. Бэлэн бүтээгдэхүүн гэдэг нь үйлдвэрлэлийн үйл явцыг давсан гэсэн үг Үйлдвэрлэлийн үйл явц давж байна гэдэг нь тухайн бүтээгдэхүүн удаан хугацаагаар хадгалах зорилгоор маш их хэмжээ-ий ханасан тос бас элсэн чихэр агуулдаг. 

Элсэн чихэр хадгалах хугацааг уртасгадаг. Гэтэл энэ нь хүний биед маш муу нөлөөтэй. Элсэн чихэр их хэрэглэснээр хүний биед инсулин гэх гормон ихээр ялгардаг. Энэ нь жин нэмэх үйлчилгээтэй юм.

-“Power nutirion’’-той хамтраад зөв хооллолтын өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн жил бид “Зөв хооллолт ба фитнесс” гэдэг уриан доор анхны өдөрлөгөө зохион байгуулсан. Энэ жил “Эрүүл амьдралын хэв маяг” гэсэн уриан дор зохион байгуулна. 

Хүмүүст хэрхэн яаж амьдарвал, ямар зүйлс дээр анхаарвал  эрүүл амьдрах вэ гэдэг талаас нь ойлголтыг хүргэнэ. Хоёр эмч урьж, нойр болоод сэтгэхүйн талаар сонирхолтой мэдээлэл өгнө. Харин миний хувьд эрүүл зөв хооллолтын талаар зөвлөнө.

-Эрүүл хооллолт гэж чухам юуг хэлээд байна вэ?

-Та эрүүл зөв хооллоё гэж бодож байвал өөрийн биеэс гаргасан илчлэгээ тооцоод түүнтэйгээ ижил хэмжээтэй хоол идэх хэрэгтэй. Түүнээс тахианы цээж мах эсвэл гурвалжин будаа биш. Би түрүүнд хэлсэн. Хоол гэдэг нь уураг, нүүрс ус, тосноос бүрддэг. Тиймээс энэ гурван зүйлийн тэнцвэрийг хадгалж байж эрүүл хооллох болно. Эдгээрийн нэг нь алдагдах эсвэл их байвал эрүүл хооллолт алдагдаж байна гэж үздэг.

-Хүмүүс фитнессээр маш эрчимтэй хичээллэж байна. Ингэхдээ нэмэлт уураг, витамин хэрэглэдэг. Үүнд эерэг болон сөрөг нөлөө бий юү?

-Яг зөв, буруу гэж хариулж болохгүй. Хэрэв фитнесс гэдэг зүйл хөлбөмбөг шиг спорт байсан бол хүмүүсийг сонирхлоороо хичээллэж байна гэж хэлнэ. Харин фитнесс тийм биш бидний амьдралын хэв маягаас үүдээд хөдөлгөөн хийх шаардлага үүссэн учраас хүмүүс фитнессээр хичээллэж байгаа. Иймээс өөрт тохирсон жингийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй.

Мөн үүнийг өөрийнх нь хэмжээнд тохируулж зааж өгөх багш хэрэгтэй. Нэмэлт бүтээгдэхүүний хувьд спортоор хичээллэж байгаа үед заавал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэж үздэг. Зүгээр л бэлтгэлийн хувцсаа өмсөөд бэлтгэлийн танхимд ороод өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөө хийхэд л болох спорт.

-Танд зөвлөгөө хүссэн маш олон асуулт ирдэг гэж хэлсэн. Тэдгээр хүмүүст хандаж хэлэх үг байна уу?

-Таны бие организм, өдөрт хэрэглэж байгаа хоол хүнс минийхтэй яг ижилхэн биш. Тийм учраас та өөрөө өөртөө юу хэрэгтэйг олж авах, харах хэрэгтэй. Энэ зүйлийг тань мэдүүлэхийн тулд би мэдээлэл өгөхийг зорьдог. Нэг үгээр би танд өөрийгөө олоход чинь туслахыг хичээдэг шүү гэж хэлмээр байна.

Зураг