Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэв

ikon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийв.

Тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар би  2018 оны 11 дүгээр сарын 14-нд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай уулзаж, төрийн өндөр албан тушаал хаших ёс зүйн эрхгүй талаар өөрт нь хэлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан.

Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь заасны дагуу 11 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас холбогдох мэдээллийг авсан. Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон шүүхийн шийдвэр гарах хүртэл Улсын Их Хурал албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна” гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас  түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьсан” гэж байлаа.

Уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэн санал, дүгнэлтээ гаргасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас  түдгэлзүүлэхийг дэмжжээ.

УИХ-ын даргын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэлж байлаа. Тэрбээр ажлын хэсэг ойрын хугацаанд УИХ-д санал, дүгнэлтээ танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд Үндэсний аудитын газраас холбогдох баримт бичгүүдийг яаралтай ирүүлэх талаар сануулсан юм.

Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэхийг дэмжсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.1 хувь нь дэмжлээ. Иймд “Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжснээр дээрх УИХ-ын тогтоол батлагдав.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс