Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: 32 гишүүн УИХ-ын ажлыг гацааж байна. Тэдний тал нь ЖДҮ-чин

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дуулиантай эхэлсэн өнөөдрийн чуулганы хуралдаан завсарлалаа.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх ёстой байсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд чуулганы танхимд орж, асуудлаа танилцуулсангүй. Тиймээс АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан.

Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх хуулийн хугацаатай учир завсарлага өгөх боломжгүйг Их хурлын дарга учирлав. Тиймээс чуулганы үдээс хойших хуралдаан хүртэл буюу хоёр цагийн завсарлагыг АН-ын бүлэгт өглөө

Үдээс өмнөх хуралдаанд үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

О.Баасанхүү: Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих сонирхол байгаа юм уу, эсвэл Монгол төрийг гацаах сонирхол байна уу. Хориг тавьсан хэр нь чуулганы хуралдаанд орж ирэхгүй байгаа нь эс үйлдлээрээ хоригоо буцааж байгаа гэж ойлгохоор байна. Өглөө орж ирж ирцээ бүртгүүлсэн ЖДҮ-чин Х.Болорчулуун зайлаарай. Бас тэр Ц.Даваасүрэн ч зайлаарай. Баярлалаа. 

Ж.Мөнхбат: Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан хэр нь орж ирэхгүй юм. Засгийн газрын өргөн барьсан төсвийг өргөн барих гэхээр гишүүд рүү утасдаад битгий ороорой гээд байдаг. Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрчим хүчний сайдууд энэ танхимд орж ирж сууж байгаад гарч байна. Би Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж бодож байгаа. Дэмжинэ. Албан тушаалдаа үлдэх гэж зууралдаад байгаа хэдхэн хүнээс болж Монголын төр шившгийн хөндийг туулж байна. 

Д.Хаянхярваа: Монголын төр Үндсэн хуульд захирагдах ёстой. Бүлэг луйвар хулгайг бариад авах эрх мэдэл нь Засгийн газарт байсан. Яагаад өөрсдийн хийх ажлаа хийхгүй байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалын санаархлыг таслах сүүлчийн оролдлого Засаг огцруулах энэ тэмцэл болчихоод байна. 
Их хурлын гишүүд бүгд мэдэж байгаа. Засгийн газрын ордонд хоорондоо шивнэж ярина. Өрөө, танхимд нь чагнаж тагнадаг болчихсон гээд бүгд гудамжинд гарч уулздаг. Бүгд утас шөрмөсөөрөө дамжуулж, нууж хааж ярьдаг. Энэ бүхний эцсийн хариултыг парламент өгөх ёстой. 

Д.Эрдэнэбат: Монголын төр ухаан, зангарга зарж асуудлыг зөв ойлголцож явахгүй бол ингэж талцаж, явах юм бол улсын маань үндэсний аюулгүй байдал хамгийн эмзэг цэг рүү очино шүү

Ц.Цогзолмаа: Их хурлын гишүүний нэр төр, гэр бүлд халдах явдал хэрээс хэтэрч байгаад тэвчээр алдагдаж байна. Ард түмний эрх ашгаас илүү эрх ашиг хаана ч байх ёсгүй. УИХ-ын гишүүдийн төсөв батлах онцгой эрхэд халдаж болохгүй. Дүрэмгүй тоглоом хэрээс хэтэрлээ. 

Л.Энх-Амгалан: Монгол Улсын Ерөнхий сайд болчимгүй үйлдэл гаргаж төрийг бойкотлож болдог юм уу. 2019 оны төсөвт хориг тавьсанаар Монгол Улс төсөвгүй болж байна. 2019 онд цалин тэтгэвэр тэтгэмжгүй болж жинхэнэ үймээн болно. Үүнийг хүсээд байгаа юм уу.

Д.Оюунхорол: Монголын улс төр ингэж дампуурдын ирмэгт ирж байсан цаг үеийг мэдэхгүй юм байна. Эрх мэдэл, албан тушаалд нүдээ сохлуулж байгаа нь дэндүү харамсалтай. Ард түмний итгэлийг битгий хөсөрдүүлээч. Үеийн үед намын ялалтаас бялуу хүртээд явж байсан ахмад гишүүд төрөө дээдлэх ёсыг умартан өнөөдөр хурал хаяад гарч байгааг хараад ичиж байна

Н.Номтойбаяр: 32 гишүүн чуулганд оролцохгүй гээд гарын үсэг зурж. УИХ-д суухгүй гишүүдийн нэрсээс харахад ойлгомжгүй зүйлс их байна. Хоёр нь АН-ынх, 30 нь МАН-ынх. Гэтэл 26 нь ЖДҮ болон албан тушаалдаа барьцаалагдсан гэж шууд харагдаж байна. Энэ нь 26-гийн 13 нь буюу Ж.Энхбаяр, Б.Батзориг, Л.Энхболд, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, О.Батнасан, Ж.Батзандан, Г.Солтан, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат, Б.Наранхүү. Нөгөө тал буюу 13 нь Засгийн газрын гишүүд. Мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь удирдаад, гүйцэтгэгч нь Шадар сайд Ө.Энхтүвшин нь зохион байгуулаад ингээд 26 хүн УИХ-ын ажлыг гацааж байна. Энэ 32-ын тал нь ЖДҮ-чин.  

З.Нарантуяа: Ардчилсан намын бүлгийн гишүүд төрийн ажлыг гацаахгүй явуулах гэж бид өглөөнөөс хойш энэ танхимд сууж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга орж ирж хоригийг үндэслэлийг тайлбарлахгүй байгаа шалтгаан нь энд хоригтой холбоотой асуудалд тайлбар өгөх Засгийн газрын гишүүд чинь орж ирэхгүй байгаатай холбоотой байна гэж байна. 64 гишүүнээс чинь 30 гаруй нь УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зураад явж байгаа асуудал бол өнөөдөр энд хууль хэлэлцэх асуудлыг гацаах тухай биш. Харин МАН бүлэг дотроо ярих асуудал.