Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын "тэнүүлчин" захирал албан тушаалаасаа огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Томилолтын зардлаа хэтрүүлсэн гэж шүүмжлүүлж байсан НҮБ-ын байгаль орчны асуудал хариуцсан UNEP байгууллагын захирал Эрик Солхэйм албан тушаалаасаа огцорч байгааг өнөөдөр мэдэгджээ.

Норвегийн дипломатч, байгаль орчны сайд асан тэрээр Пүрэв гарагаас эхлэн уг албан тушаалд ажиллахгүй болсноо НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөрийн вэбсайтад мэдээлсэн байна.

Солхэймийн хариуцсан байгууллагад хийсэн аудитын тайлан өнгөрсөн Бямба гарагт гарсан юм. Тайланг нийтэд дэлгээгүй ч хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар сүүлийн 22 сарын хугацаанд тэр гадаад аялалд нийтдээ $500,000-ыг зарцуулсан гэнэ. Тус байгууллагын төв байр байдаг Кенийн Найроби хотод Солхэйм ажилласан хугацааныхаа 20 хувьд л байжээ.

Аудитын тайланд байгаль орчныг хамгаалах үүрэгтэй байгууллагын тэргүүн Солхэйм өөрөө бараг нисэх онгоцонд амьдарч, хүлэмжийн хий үйлдвэрлэгч байх нь тус байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж дүгнэсэн байна.

 Солхэймийн огцрох хүсэлтийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хүлээж авсан тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.

Шинэ захирлыг тодруулах хүртэл UNEP-ийн дэд захирал, Танзаний иргэн Жойс Мсуяа үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон байна.

 

Эх сурвалж: AFP