Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн хоёр онгоцтой ч өөрийгөө дундаж давхаргын хүн гэж үздэг эр Меркелийг залгамжлахаар өрсөлдөж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Германы эрх баригч консерватив намын тэргүүний суудалд Ангела Меркелийг залгамжлахын төлөө өрсөлдөөн ид өрнөж байна.

Нэр дэвшигчдийг 62 настай Фридрих Мерц тэргүүлж байгаа бөгөөд тэр Герман орныг улс төр, эдийн засгийн хямралаас гаргахаа амлаж байгаа юм. Түүнийг Германы Христийн Ардчилсан Намын дараагийн тэргүүн болно гэдэгт олон хүн итгэлтэй байв.

Энэ долоо хоногт тэр хөрөнгө орлогын мэдүүлгээ ил болгосон нь харин Германы олон нийтийн дунд маргаан дэгдээжээ. Мерц жилийн нэг сая еврогийн орлоготой, хөрөнгийн хэмжээ нь олон саяар хэмжигдэх нэгэн байв. Тэр бас хувийн хоёр нисэх онгоцтой гэж мэдүүлсэн юм.

Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдээлэл Мерцийн амжилтад сөргөөр нөлөөлж магадгүй болжээ. Хэрвээ ийм даргатай болвол баян-хоосны ялгаа улам нэмэгдэж байгаа Германы сонгогчид Христийн Ардчилсан Намын төлөө олноороо санал өгөх эсэх нь эргэлзээтэй.

Шүүмжлэгчид Мерцийг “анти-Меркель” нэр дэвшигч гэж дүгнэж байна. 13 жилийн турш канцлераар ажиллахдаа Меркель тун даруухан амьдарч, нэг хувцасаа олон дахин өмсдөг, өөрийн гараар хоолоо бэлддэг байсан.

Тэгвэл 2009 онд улс төрөөс түр холдсон Мерц өнгөрсөн хугацаанд хувийн хэвшилд ажиллаж байжээ. Тэр одоо АНУ-ын хөрөнгө оруулалтын BlackRock компанийн Герман дахь салбарыг тэргүүлж, АНУ-ын хуулийн Mayer Brown компанид ажилладаг. Гэхдээ Мерц өөрийгөө “дундаж давхаргын иргэн” гэж үздэгээ саяхан Bild сэтгүүлийн уншигчидтай уулзахдаа ярьжээ.

Түүний үзлээр нийгмийн давхарга бол хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал биш, харин үнэт зүйлтэй холбоотой ангилал гэнэ. “Дундаж давхарга гэдэг бол минийхээр эдийн засгийн нэр томъёо биш. Би эцэг эхээсээ хөдөлмөрч, сахилга баттай, ёс журамтай байх зан чанаруудыг өвлөж авсан нь дундаж дахваргынхны үнэт зүйлс юм. Харин элит буюу дээд давхарга нь их хэмжээний хөрөнгө өвлөж авсан, үүний үр дүнд тансаг амьдарч байгаа хэсгийг хэлнэ. Би бол энэ ангиллын хүн биш” гэж Мерц тайлбарлажээ.

Гэхдээ түүнийг баян чинээлэгт тооцох ёсгүй гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

Тухайлбал Зигмунд Фрэйдийн Их Сургуулийн баялгийн эксперт Томас Друен түүнийг олон улсын стандартаар баян хүнд тооцогдохгүй, Германчууд баян хүмүүст таагүй ханддаг сэтгэлгээ үүнд нөлөөлж байна гэж үзжээ.

“Нью Йорк хотын дарга асан Майкл Блүүмбэрг шиг тэрбумтан Мерцийн орлогыг сонсвол инээд нь хүрэх байх. Гэхдээ Германд ойлголт өөр байна. Дайнаас хойш манай улс дундаж давхаргад суурилсан, зөв тогтоцтой нийгмийг бүтээн босгох зорилготой явж ирсэн тул амжилттай яваа нэгнийг энгийн даруу, нээлттэй амьдралтай байх ёстой гэсэн ойлголт тогтсон. Хэт баян хүн, том компанийг ямар нэг асуудалтай гэж харддаг болжээ. Энэ нь гажиг сэтгэлгээ боловч яах аргагүй бидний сэтгэлгээнд үлдсэн ДНХ юм” гэж тэрээр Deutschlandfunk сувагт ярьжээ.

Мерцтэй өөр хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа ба ирэх сарын эхээр намын шинэ даргыг сонгох юм.

 

Эх сурвалж: The Guardian