Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гансүх: Засаг, төрийн байгууллагыг дур зоргоороо аашлах боломж олгосон хуулийг УИХ батлах ёсгүй

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
 

Шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж УИХ-д мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шүүхийн ахмадуудын холбооны гишүүн Д.Гансүх "Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааг шүүхийн хяналтаас гаргах төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд ИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шатанд явж байна. 

Энэ төслийг Монголын хуульч, эрдэмтэд, судлаачид Монголын ард түмний язгуур эрх ашгийг зөрчсөн, шүүх эрх мэдлийн бие даасан байдалд нөлөөлнө гэж үзэж байна. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэдэг байр суурийг олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад байдлаар илэрхийлж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Монголын ахмад хуульчид бид тэр болгон хуулийн өөрчлөлтөд оролцоод байдаггүй боловч шүүхээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, шүүхэд гомдол гаргах Үндсэн хуульд заасан суурь эрхийг хөндсөн, цаашид шүүхийн бие даасан байдалд нөлөөлөх үйл ажиллагаа байгаа учир дуу хоолойгоо хүргэж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ахмадуудын холбооны зөвлөлөөрөө хэлэлцээд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх талаар УИХ-д мэдэгдэл гаргалаа.

Нэмэлт өөрчлөлтийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 заалтад өөрчлөлт оруулах гээд байгаа юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй үйл ажиллагаануудыг заасан заалт байдаг. 3.1.7-д өмнө нь улс төрийн үйл ажиллагаа хамаарахгүй гэсэн өгүүлбэр байсан. Үүний оронд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хамаарахгүй байхаар өөрчлөлт оруулах гээд байна.

Шүүхийн харьяалан шийдэх маргааныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулах журамтай юм.

Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйл Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 дугаар заалт хоёр уялдаатай болчихоод байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д заасан үйл ажиллагаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар тогтоочихсон байгаа. Ийм учраас цаад агуулгаараа Засгийн газар болон түүний шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр шүүхийн хяналтаас гарах нөхцөл үүсэж байна.

Хэрэв энэ хуулийн төсөл УИХ-аар батлагдчихвал Засгийн газар түүний харьяа төв орон нутгийн засаг, захиргааны байгууллагын иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болно.

Үндсэн хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид хүн бүр шүүхэд хандах эрхтэйг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан атлаа Засаг төрийн байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхэд хянуулахгүй, иргэдийн шүүхэд хандах эрхийг хуулиар хязгаарлах явдал бол хуулийн засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг, Ардчилсан нийгмийн чанарт үл нийцэж байна.

Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульт байгууллагыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчимд тулгуурлах ёстой байтал шүүх эрх мэдлийн эрхзүйн байдлыг дордуулсан, нийт иргэд, хуулийн этгээдийг эрхийн хамгаалалтгүй болгосон, Засаг төрийн байгууллагыг дураар аашлах боломжийг олгосон хуулийг батлах ёсгүй гэж үзэж байгаа юм.

Ийм учраас УИХ-ыг ийм болчимгүй шийдвэр гаргахгүй байхыг шаардаж Шүүхийн ахмадуудын холбооноос мэдэгдэл хүргүүлэхээр болсон" гэв.

МЭДЭГДЭЛ: