Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Baikal Fashion week"-д Монголын зургаан брэнд оролцохоор боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Michel & Amazonka”, “Queen fashion house”, “Muse art”, “Monalun”, “Ovdog”, “Kidult” болон “Futuristic” зэрэг брэндүүд хамтран “Mongolian professional designers union”/MPDU/-ийг жил гаруйн өмнө байгуулжээ. 

Тус холбооны зорилго нь загвар зохион бүтээгчдийг нэгтгэх, түүнчлэн мэргэжлийн нүүр будалт, зурагчид гээд загварын салбараараа хамтран ажиллах юм. Мөн дотоодын зах зээлээр зогсохгүй бүс нутгийн хэмжээний зах зээлд гарахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд арваннэгдүгээр  сарын 27-29-нд Улаан-Үд хотод болох “Baikal fashion week”-д холбооны гишүүн зургаан брэнд оролцохоор болсон юм.

Энэ тухай “Michel & Amazonka” компанийн захирал Ч.Мөнхжаргал “Дотоод зах зээл жижиг учраас бүс нутгийн зах зээлд өрсөлдөх сонирхолтой байгаа. Тиймээс “Baikal fashion week”-т холбоогоороо анх удаа оролцож байна. Энэ үеэр худалдааны мэргэжилтнүүдтэй уулзаж, нэгдсэн дэлгүүрээ Улаан-Үд хотод нээхээр төлөвлөсөн. Уг шоунд оролцож байгаа нь Монголын загвар зохион бүтээгчдийн загварыг гадаад зах зээлд гаргах үйл ажиллагааны эхлэл гэж болно. Үүний дараа бид “Shanghai Fashion week”-т оролцохоор төлөвлөж байна” гэлээ. 

Найм дахь удаагаа болж буй “Baikal fashion week”-д оролцохоор Монголоос 37 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаан-Үдийг зорино. Ийнхүү гадны загварын шоунд оролцох нь судалгааны хувьд ихээхэн ач холбогдолтой байдаг байна. Тухайлбал, загварын чиг хандлага, шинээр гарсан материал, дэд бүтцээ шийдсэн байдал гэх зэрэг загварын салбартай салшгүй холбоотой зүйлсийг судалдаг тухайгаа загвар зохион бүтээгчид ярьсан юм. 

Үндэсний зургаан брэнд тус бүр шинэ коллекц гарган “Baikal fashion week”-т оролцоно. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 29-нд нээлттэй худалдааг зохион байгуулна гэдгийг “Queen fashion house”-ийн загвар зохион бүтээгч Д.Энхмаа онцолж байна. Мөн тэрбээр “Загварын салбар өртөг өндөртэй учраас санхүүгийн асуудал хамгийн том бэрхшээл болдог. Гаднаас олон урилга ирдэг ч тэр бүрт очоод байх боломжгүй байна. Хэрэв Монголын загвар зохион бүтээгчдийг санхүүгийн тал дээр дэмжээд өгвөл олон улсад танигдах боломж бүрэн бий” хэмээв. 

“Моналун” брэндийн үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл “Монгол загвар, Монгол загвар зохион бүтээгч нь олон улсын хэмжээнд танигдах нь эргээд Монгол Улсаа, үндэсний загвараа сурталчлах ач холбогдолтой. Тиймээс энэ нь соёлоо сурталчилж буй явдал” гэлээ. 

"Mongolian professional designers union"-ий нэгдсэн дэлгүүр нь Улаанбаатар хотод хоёр салбартай бөгөөд тун удахгүй Эрдэнэт хотод гурав дахь салбараа нээх гэж байна.

 
`Monalun` брэндийн загвар
 
`Monalun` брэндийн загвар
 
`Michel & Amazonka` брэндийн загвар

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.