Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Халимны гэдэснээс 6 кг орчим хуванцар хог хаягдал гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Саяхан Индонезийн зүүн эрэгт үхсэн халим уснаас ил гарахад гэдэснээс нь их хэмжээний хуванцар хог хаягдал гарсан нь байгаль хамгаалагчдын санааг зовоож байна.

Даваа гарагт Капота арлын эрэгт ил гарсан 9.5 метр урттай халимны тухай дуудлага ирсний дагуу Индонезийн Вакатоби үндэсний дархан цаазат газрын аврагчид тус аралд очжээ.

Шинжилж үзэхэд халимны гэдэснээс 5.9 кг хуванцар хог хаягдал гарсны дотор 115 ширхэг хуванцар аяга, дөрвөн хуванцар лонх, 25 гялгар тор, хоёр улавч зэрэг 1,000 гаруй хуванцар эд зүйлс олдсон байна.

260 сая хүн амтай Индонез улс Хятадын дараа дэлхийн хоёр дахь том хуванцар хаягдал үйлдвэрлэгчид тооцогддог. Тус улсаас 3.2 сая тонн хуванцар хаягдал жил бүр гардгийн 1.29 сая тонн нь далайд хаягддаг байна.

Индонезийн далай тэнгисийн асуудал хариуцсан сайд Лухут Бинсар Панжайтан дээрх тохиолдол нь хуванцар хог хаягдлыг бууруулах хэрэгцээ ямар өндөр байгаа, засгийн газрын хатуу арга хэмжээ хэрэгтэй байгааг харуулж байна гэж хэвлэлд ярьжээ.

“Энэ мэдээг дуулаад их харамсаж байна. Далай тэнгисийн олон амьтан хуванцарт хордож, энэ нь бидний ахуй амьдралд аюул учруулж байна” гэж тэр хэлсэн байна.

Индонезийн засгийн газар 2025 онд хуванцрын хэрэглээгээ 70 хувиар бууруулах зорилт тавьж, олон арга хэмжээ авч эхлээд байгаа.

Судлаачдын сүүлд тооцоолсноор Хятад, Индонез, Филиппин, Вьетнам, Тайланд гэсэн Азийн таван улс далай тэнгисийн хуванцар хог хаягдлын 60 хүртэл хувийг бүрдүүлдэг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press