Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп тагнуулын байгууллагынхаа дүгнэлтэд эргэлзэж, Саудын Арабын холбоотон хэвээр үлдэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тагнуулын төв газар CIA сэтгүүлч Жамал Хашоггийн аллагыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү шууд захиалсан гэх дүгнэлтийг гаргаад байгаа.

Тэгвэл энэ дүгнэлтийн дагуу Вашингтон Ойрх Дорнод дахь гол холбоотондоо хатуурхаж чадахгүй байна. Үүний илэрхийлэл болсон мэдэгдлийг өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гаргажээ.

“Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын талд байгаа тухай мэдэгдэл” гэсэн гарчигтай урт мэдэгдлийг өчигдөр Цагаан ордны хэвлэлийн алба тараасан байна.

Мэдэгдлийн эхэнд Ираныг маш аюултай, харгис дэглэмтэй улс хэмээн шүүмжилж, түүнтэй тэмцэхэд Саудын Араб чухал холбоотон болохыг онцолжээ.

“Манай тагнуулын байгууллагууд бүх мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна. Гэхдээ угсаа залгамжлах ханхүү энэ аймшигт хэргийн талаар сайн мэдэж байж ч магадгүй, мэдэхгүй ч байж магадгүй. Үнэндээ бидэнд ноён Жамал Хашоггийн аллагын талаар бүх баримт байхгүй. Ямар ч тохиолдолд бид Саудын Арабтай харилцаагаа хэвээр хадгална. Тэд бол манай маш том холбоотон, Ирантай тэмцэхэд маш чухал үүрэгтэй. Улс орныхоо болон тухайн бүс нутаг дахь Израйль зэрэг холбоотнуудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд АНУ нь Саудын Арабын гуйвшгүй холбоотон хэвээр байх болно” гэж Трампын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч өөрийн тагнуулын байгууллагын дүгнэлтэд итгэхгүй байгаагаа илэрхийллээ.

Аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийг санамсаргүй тохиолдлоор алагдсан болохыг Саудын эрх баригчид хэдхэн хоногийн өмнө хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэхдээ тэд энэ хэрэгт угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманыг огт холбоогүй гээд эх мэдлээ хэтрүүлэн ажиллаж сэтгүүлчийн амийг бүрэлгэсэн 21 хүнд ял оноох гэж байгаагаа зарласан юм.

Саудын Арабын прокурорын газар тэдний тавд нь цаазын ял төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Quartz