Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

GCR Mongolia – Scholarship 2018 /Тэтгэлэгт хөтөлбөр 2018/

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Scholar буюу эрдэмтэн хүн гэдэг үгнээс гаралтай Scholarship буюу сургалтын тэтгэлгийг ирээдүйн их хүсэл, тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чадвартай оюутнуудад зориулагдсан шагнал гэж хэлж болно. Оюуны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг болсон сургалтын тэтгэлэг нь зорилгыг зоригжуулагч болж хичээлдээ сайн, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, бусдад үлгэр дууриалал болж, манлайлж чаддаг оюутнуудыг сурахад дэмждэг.

Зөвхөн улс гэлтгүй, компаниуд өөрсдийн үйл ажиллагаанаас олсон ашгаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургалтын тэтгэлэг болгон буцааж өгөх зарчим зах зээлийн орчинд бий. Зах зээлийн зөв, шударга тойрогт багтсан сургалтын тэтгэлгийн  үр дүн эргээд сайтар хөгжсөн, мэргэжилдээ эзэн болсон залуус ажлын байранд гарч, шинэ үеийг цогцлоох үйлсэд оролцож, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах замаар үр ашгаа өгдөг.

Ирээдүйн их үйлсийг бүтээх оюутан залуусынхаа зорилгыг зоригжуулж, дэмжлэг үзүүлэх гайхалтай үйлсийг бодитоор биелүүлж яваа компаниудын нэг нь Жи Си Ар Монголиа компани юм. Байгуулагдаад ердөө хоёрхон жил болж буй ч хийж бүтээснээрээ манлайлж, Оюутолгой зэрэг томоохон төслүүд дээр ажиллахын зэрэгцээ нийгэмд сайн үлгэр дуурайллаа үзүүлж чадсан тус компани Жи Си Ар Монголиа Тэтгэлэгээ энэ жил 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 19-нд ШУТИС-ын номын санд амжилтаараа манлайлагч, оюутан нөхдөдөө үлгэр жишээ болсон оюутнууд, тэдний ирээдүйд хөрөнгө оруулалт хийж буй Жи Си Ар Монголиа компанийн хамт олны хамт цугларч нэгэн баярт явдлыг ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Энэ бол Жи Си Ар Монголиа Тэтгэлэгт шалгарсан 14 оюутанд тэтгэлгийг нь гардуулах ёслол байлаа. Уг тэтгэлэгт өнгөрсөн онд 10 оюутан хамрагдсан бол энэ тоо 14 оюутан болж өсжээ.

Жи Си Ар Монголиа компанийн хувьд 2018 оныг Үндэсний ур чадварыг хөгжүүлэх жил болгон зарласны хүрээнд монгол хүнийг чадваржуулах, мэдлэг боловсрол олгох, сурч хөгжихөд нь дэмжих зорилготой. Тиймдээ ч уг зорилгынхоо нэгээхэн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үндсэн 2 чиглэлээр зохион байгуулж эхэлсэн аж. Эхнийх нь барилга, эрчим хүч, дулаан болон цахилгаан хангамжийн чиглэлээр сурч буй Их, дээд сургуулийн 3,4 дүгээр курсийн оюутнуудад зориулагдсан бол нөгөөх нь барилгын салбарын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нэгээс дээш жилээр суралцаж буй сурагчдад олгодог тэтгэлэг юм. Өнгөрсөн 2017 онд Жи Си Ар Монголиа Tэтгэлэгт хамрагдсан 10 оюутны 5 нь одоо ажлын байрандаа гарч, амжилттай ажиллаж байна. Энэ жилийн тэтгэлгийн хувьд  14 хүүхдэд тэтгэлэг олгосноос 11 нь Их, дээд сургуулийн оюутан, 3 нь МСҮТ-ийн оюутан байна.

 

 

Энэ жилийн тэтгэлгийн нэг онцлог нь 2017 оных шиг уламжлалт аргаар, энгийн хэлбэрээр сонгон шалгаруулсан бус орчин цагт ажилтнуудад тавигддаг чухал чадвар болох Soft Skill-ийг нь илүү харж сонгосонд оршино.

Тэтгэлэг маань сонгон шалгаруулалтын үндсэн 3 үе шаттайгаар явагдаж эхний шатанд материалаа илгээсэн 50 гаруй оюутнуудынхаа танилцуулгыг видео бичлэг хэлбэрээр хүлээн авсан байна. Уг танилцуулах бичлэгээс тухайн хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг илүүтэй харсан бол хоёрдугаар шат нь шалтгаант холбоо тогтоох IQ тестээр, гуравдугаар үе шат нь Үнэлгээнд суурилсан сонгон шалгаруулалтын арга буюу эхний 2 шатанд тэнцсэн оюутнууд  баг болон хуваагдаж, үндсэн 6 даалгаврыг багаараа хийж гүйцэтгэжээ.

Жи Си Ар Монголиа Тэтгэлэг нь Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд 2,5 сая төгрөг буюу нэг жилийн сургалтын төлбөр, мөн үйлдвэрлэлийн дадлага хийх эрх олгож байгаа бол МСҮТ-ийн оюутанд 1 сая төгрөг, үйлдвэрлэлийн дадлага хийх эрхтэйгээр хүрдэг. 

Жи Си Ар Монголиа Тэтгэлэгт шалгарсан эмэгтэй оюутнуудын нэг ШУТИС-ын БАС-ийн ИБҮБ-ийн мэргэжлээр суралцаж буй төгсөх курсийн оюутан М.Ариунтуяа:

Энэ тэтгэлэг маань бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгохоос гадна үйлдвэрлэлийн дадлага хийх эрх олгож буйгаараа бусад тэтгэлэгээс давуутай. Жи Си Ар Монголиа компани маань Оюутолгойн болон бусад барилга, цахилгаан, уул уурхайн маш том төслүүд дээр ажилладаг. Тэдгээр төслүүд дээр дадлагажих, цаашид дадлагажих хугацаандаа сурч мэдэж, өөрийгөө улам хөгжүүлж чадах л юм бол, үргэлжлүүлээд манайд ажиллаарай гэсэн давуу тал олгосон онцгой тэтгэлэг байсан. Ийм боломж олгож буй нь маш их таалагдсан. Байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч гэсэн олон том төсөл дээр ажилладаг юм байна, ийм олон ажилтантай юм байна гэдгийг нь мэдэж авах, тэтгэлэгт нь хамрагдаж чадсанаар цаашид өөрийгөө илүү хөгжүүлж, ажил амьдралынхаа гарааг холбох боломж нээгдэж буйд олзуурхаж байна. 

Энэ жилийн тэтгэлэгт тэнцэж шалгарсан оюутнуудаас нийтлэг анзаарагдсан зүйл нь тэд эзэмшиж буй мэргэжлийнхээ зэрэгцээ дуу, хөгжим, бүжиг, спорт, техникийн чиглэлээр өөрсдийн гэсэн хоббигоороо суралцаж, эзэмшсэн авьяас чадвартай байлаа. Орчин үед дэлхий дахинд хөдөлмөрийн зах зээлд хүнийг зөвхөн эзэмшсэн мэргэжилдээ шилдэг байх нь хангалтгүй, харин ч багаар ажиллах чадвартай, хувь хүнийхээ онцлогийг харуулсан авьяас чадвартай, бие хүн болж төлөвшсөн байдлыг нь илүү шаарддаг болжээ.

Яг энэ байдлыг Америкчууд орчин цагийнхаа гол философи болгосон нь “One person can make a difference” буюу “Нэг хүн ч нийгмийг өөрчилж чадна” гэсэн үзэл юм. Энэ нь өндөр боловсролтой атлаа бусдыг удирдаж, нөлөөлж чадахгүй 100 хүн эсвэл 100 хувь онц суралцагч “гавал” хэрнээ зожиг, хүйтэн хөндий нэгэн байснаас нийгмийг өөрчилж чадах “эерэг” нэг хүн байсан нь нийгэмд илүү ач тустай гэсэн үзэл юм.

Мэдээж хэрэг Жи Си Ар Монголиа Тэтгэлэг оюутныхаа ерөнхий эрдмийг харгалзан голч дүнг нь 3.2 байхаар босго оноогоо зааж өгсөн ч ажлын байранд хэр байх, хамт олонтойгоо, нийгэмдээ ямар хүн болж төлөвшиж буйг нь харгалзан үзэхийг илүү чухалд үзэж, тэтгэлэг хүсэж материалаа илгээсэн оюутнуудаас энэ талыг нь илүү харж, сонгон шалгаруулсан нь энэ юм. Урлаг, спорт, техникийн авьяас сонирхолтой байдал нь хичээлээсээ гадуурх цагаа хэрхэн өнгөрүүлж байгааг нь, тэр нь хувь хүнд нь хэрхэн нөлөөлж буй зэргийг харуулах толь гэхэд хилсдэхгүй. Мэдээж хэрэг чөлөөт цагаа хөгжим, бүжиг, техникийн чиглэлд зориулснаар хичээл, чөлөөт цагийнхаа тэнцвэрийг хэр барьж байгаа нь ч харагдаж, энэ нь цаашид ажлын байранд ч нөлөөлнө гэж үздэг нь дэлхийн жишиг болсон шалгуур билээ.

Жи Си Ар Монголиа компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Крэйг Макбарон: "2018 оныг манай компани дотооддоо “Үндэсний хөгжлийн жил” гэж тунхагласан. Энэ үүднээс ажилтнуудынхаа ур чадвар дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Үүний маань нэг хэсэг нь сургалтын тэтгэлэгт хөтөлбөр билээ. Өнгөрсөн 2017 онд манай тэтгэлэгт хамрагдсан шилдэг 10 оюутны 5 нь одоо бидэнтэй мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгааг бахархалтайгаар хэлмээр байна. Энэ жил бид 14 оюутанд сургалтын тэтгэлэг өгч байна. Ингэж тэтгэлэгийнхээ тоог нэмсэн нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангаж ажиллах нь зүйтэй юм байна гэсэн бодлого, нөгөө талаар манай компанийн өсөж дэвжиж буйн илрэл гэж хэлж болно. 2018 онд тэтгэлэгт хамрагдсан оюутан та бүхнийг ажил дээр гарахад тань уулзаж, гар нийлэн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж тэтгэлэг гардуулах ёслолын үеэр хэлсэн юм.

“Барилгын салбар зөвхөн барилга барих, тоосго өрөх гэж хүмүүсийн төсөөлдгөөс өөр л дөө. Энд маш олон салбарууд багтдаг. Эхлээд барилгаа төсөвлөх хэрэгтэй. Зураг төсөл, талбай дээр гарах барилгын ажлын хэсэг гээд тэр бүхэнд нарийн, нягт тооцоолол хэрэгтэй. Мэдээж үүнд эмэгтэй хүний нямбай, нягт зан маш том давуу тал болдог. Төгс барилга барих гэдэг ямар ч алдаа мадаггүй зураг гаргаж, тооцоолсны үндсэн дээр баригддаг. Тэгэхээр зөвхөн эрчүүдийн голчлон эзэмшдэг ажил мэргэжил гэж ташаа ойлгох хэрэггүй. Эмэгтэйчүүд бид ч энэ салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулж явдаг шүү” хэмээн Жи Си Ар Монголиа Тэтгэлэгт шалгарсан 3 эмэгтэй оюутны нэг М.Ариунтуяа онцлон хэллээ.