Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд Vs. У.Хүрэлсүх

ikon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN

-Засаг унагах талд таван "ЖДҮ"-чин байгаа бол нөгөө талд есөн "ЖДҮ"-чин байна- 

Бас тэдэнд концессчин, тендерчин, тэрбумтан гээд ЖДҮ-гээс ч том цол гуншинтай хүмүүс бий...

УИХ дахь МАН-ын бүлгийн экс дарга Д.Хаянхярваагийн тэргүүлсэн 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Дэгийн тухай хуулиар Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн баригдсанаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд түүнээс хойш дахин долоо хоногийн дотор УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Үндсэндээ Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал 14 хоногийн дотор шийдэгдэнэ.

Хүч тэнцүү гэж болохоор хуваагдсан энэ асуудалд ганц хүний санал ч эрдэнэ мэт чухал болоод буй. Тэр дундаа энэ удаагийн парламентын цорын ганц бие даагч болох С.Жавхлан гишүүний санал асуудлыг хааш нь ч эргүүлж мэдэхээр байна.

“Байнгын хороод, чуулганы хуваарийг надад хэлдэггүй” хэмээн гомдоллож явсан С.Жавхлан гишүүний санал ийнхүү хаданд гарч хайнаа хагалах нь.

Энэ асуудалд АН-ын бүлгийнхний санал ч чухал. Гэхдээ тэд угаас Засгийн газрыг огцруулах асуудал яригдвал дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Харин МАХН-ын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй ч цаагуураа дэмжиж байгаа МАН-ын гишүүд ч бий гэх.

Гэвч хэн нь аль талд байгаа нь УИХ-ын чуулганы хуралдааны ирц болон санал хураалтаас л харагдана.