Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын агаарын бохирдол хүний насыг 0.73 жилээр хорогдуулж байна гэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын бохирдлоос хамааран хүний нас дэлхий дахинд дунджаар 1.8 жилээр хорогдож байгааг Даваа гарагт нийтлэгдсэн судалгааны дүн харуулжээ.

Ингэснээр агаарын бохирдол нь тамхидалт, ДОХ, дайн байлдаан зэрэг үзэгдлүүдээс илүү аюултай гамшиг болоод байгаа гэнэ. Тухайлбал тамхидалт нь хүний насыг дунджаар 1.6 жилээр богиносгодог байна.

Чикагогийн Их сургуулийн эрдэмтэд Air Quality Life Index (AQLI) хэмээх энэхүү тайланг гаргаж танилцуулжээ. Тэдний тооцоолсноор агаарын бохирдлоор тэргүүлж байгаа Энэтхэгийн нэг бүс нутгийн оршин суугчдын нас 11 жилээр хорогдож байгаа ажээ.

Судлаачид дэлхийн улс орнуудын агаарын бохирдол хүний наслалтад хэрхэн нөлөөлж байгааг харуулдаг вэбсайт бүтээсэн байна.

Хамгийн сүүлийн байдлаар буюу 2016 оны байдлаар Улаанбаатар хотын оршин суугчдын нас агаарын бохирдлоос шалтгаалаад 0.73 жилээр (9 сар орчим) хорогдож байгааг энд харуулсан байна. Тодруулбал агаарын чанарын стандартыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөсөн хэмжээнд хүргэвэл Улаанбаатарчуудын дундаж наслалт энэ хэмжээгээр өсөх юм. Монгол орны бусад хэсгүүдэд агаарын бохирдлын хор нөлөө бага байгаа нь харагджээ.

Жил бүрийн агаарын бохирдлын өсөлтөөс харвал 2018 оны байдлаар бидний нас хорогдолт 1 жилд хүрсэн байх магадлалтай байна.

 

 

Эх сурвалж: Reuters