Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп алагдсан сэтгүүлчийн хоолойн бичлэгийг сонсохоос айжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын эхээр Истанбул дахь Саудын Арабын консулын газарт алагдсан сэтгүүлч Жамал Хашоггийн дуу хоолойн бичлэгийг АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд руу илгээсэн тухай Туркийн эрх баригчид мэдээлж байсан билээ.

Тэгвэл Ням гарагийн орой Fox News Sunday хөтөлбөрт оролцсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг бичлэгийг сонсох хүсэлгүй байгаагаа ярьжээ.

Хөтлөгч түүнээс бичлэгийг сонссон эсэхийг асуухад Трамп “Би тэр бичлэгийг сонсох хүсэлгүй байна. Сонсох шаардлага алга” гэж хариулсан байна.

Харин яагаад хүсэхгүй байгааг нь асуухад тэр “Энэ бол зүрх шимшрэм бичлэг. Аймшигтай бичлэг. Би тэнд юу сонсогдож байгааг бүрэн тайлбарлуулсан” хэмээн хариулжээ.

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын тагнуулын ерөнхий газар CIA уг аллагыг Саудын Арабын дэфакто удирдагч, ханхүү Мохамменд Бин Салман захиалсан гэх дүгнэлтийг гаргаад байгаа тухай Вашингтон Пост сонин албаны эх сурвалжаас уламжлан мэдээлсэн юм.

Тэгвэл Трамп уг хэргийн тухай засгийн газрын дүгнэлт, АНУ-ын зүгээс ямар арга хэмжээ авах талаар албан ёсны мэдэгдэл Мягмар гарагт бэлэн болно гэж ярьжээ.

Вашингтоны засаг захиргаа сэтгүүлчийн аллагад Саудын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы нэрийг холбохыг хүсэхгүй байгаа. Тус улс нь Ойрх Дорнод дахь АНУ-ын гол холбоотон бөгөөд Вашингтонтой олон тэрбумын зэвсгийн наймааг хийдэг юм.

Саудын Арабаас илгээсэн алуурчдын баг Хашоггийн цогцсыг мөчлөн хуваасны дараа хүчилд уусгаж устгасан гэх таамаг яригдаж байгаа. 

Харин өчигдөр буюу Ням гарагт Туркийн батлан хамгаалахын сайд Хулусу Акар “Байж болох нэг хувилбар нь аллагаас хойш 3-4 цагийн дараа тэд манай улсаас явахдаа Хашоггийн хуваасан цогцсыг цүнхэнд хийж, дипломат халдашгүй эрхийнхээ хүрээнд шалгуулалгүй гарч явсан байх магадлалтай” гэж CNN сувагт ярьжээ.

Туркийн засгийн газрын илгээсэн хоолойн бичлэгийг хүлээж авснаа өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Канад хүлээн зөвшөөрч байсан. Тэгвэл тэдний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бичлэгийг авснаа ийнхүү батлаад байна.

 

Эх сурвалж: The Guardian