Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд оролцсон болон шүүх хуралдааны журам зөрчсөн хоёр шүүгчийг огцруулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Н.Ганбаатар “Шүүгчийн ёс зүйн хороо байгуулагдаад таван жил болж байгаа. Энэ хугацаанд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол санал ирсэн. 
Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргаснаар (хэд хэдэн байгууллагад гаргах зэрэг давхардсан тоогоор) 1,641 шүүгчид холбогдуулан гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 69 шүүгчид буюу 44.2 хувьд нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасан” гэлээ. 

ШЕЗХ үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 45 шүүгчид сануулах, 17 шүүгчийн цалинг бууруулах, долоон шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргаж байснаас хүчин төгөлдөр магадлалаар хоёр шүүгчийг огцруулах, таван шүүгчийн цалинг 20-30 хувиар 1-6 сар бууруулах, долоон шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

Огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн хоёр шүүгчийн нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд оролцсон бол нөгөө нь шүүх хуралдааны журам зөрчсөн аж. 

Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлыг агуулгаар авч үзвэл: 

  • 21 хувийг хууль зөрчиж шийдвэр гаргаж, хүний эрх зөрчсөн, 
  • 21 хувийг шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, үнэлүүлэх, татгалзан гарах эрхээр хангаагүй, шүүх хуралдааны журам зөрчсөн, 
  • 19 хувийг мэдлэг чадвар муу, итгэл төрүүлээгүй, 
  • 14 хувийг хэргийг удаасан, шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй, хайнга, 
  • 2 хувийг шүүгч бусад шүүгчдэд нөлөөлсөн, 
  • 2 хувийг бусад гэж ангилжээ.