Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентин улс жилийн өмнө живсэн шумбагч хөлгөө өнөөдөр олжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Аргентины тэнгисийн флот жилийн өмнө живээд олдоогүй байсан “ARA San Juan” шумбагч хөлгөө өнөөдөр өглөө Атлантын далайн гүнээс олсон тухай зарлажээ.

Шумбагч хөлгийн багийн гишүүн 44 хүн амь үрэгдсэнд тооцогдож байв.

Аргентины хамгийн өмнөд хэсэг Патагониа хязгаарын Валдез хойгийн эргээс холгүй 800 метрийн гүнд хөлөг байгааг тогтоожээ.

Ердөө хоёр хоногийн өмнө Аргентинчууд сураггүй болсон шумбагч хөлгийн нэг жилийн ойг тэмдэглэн гашуудаж байв. Шумбагч хөлөг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд живжээ.

Ослын дараа дэлхийн 18 улс оролцсон эрчимтэй хайгуулын ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй тул найдлага тасраад байв.

Харин Аргентины тэнгисийн флот өөрийн хэмжээнд хайгуулаа үргэлжлүүлж байсан юм. Германд үйлдвэрлэсэн TR-1700 ангиллын дизель хөдөлгүүртэй шумбагчийг 1980-аад оны дундуур Аргенитны тэнгисийн флот хэрэглэж эхэлжээ. Сүүлд 2008-2014 оны хооронд $12 саяын төсвөөр их засвар, шинэчлэлт хийхдээ эх биеийнх нь талыг хүртэл тайран багасгаж, хөдөлгүүр, батарейг нь сольсон юм.

Өөр үйлдвэрийн хөдөлгүүр, батарей сольж тавих нь хэцүү хүнд ажил болох, өчүүхэн алдаа гаргавал осолдох эрсдэлтэйг тухайн үед мэргэжилтнүүд хэлж байжээ. Осол гардаг өдөр шумбагч хөлгийн ахмад агаарын хоолойд ус орсноос нэг батарейд нь богино холболт үүссэн тухай холбоогоор төв рүү мэдээлж байжээ.

Сүүлд дахиж холбоо барихдаа уг асуудлыг шийдсэн гэж мэдээлсэн байна. Үүнээс хэдхэн цагийн дараа дэлбэрэлт болж, шумбагч хөлөг живж алга болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press