Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цогцос нь олдоогүй араб сэтгүүлчийг оршуулах ажиллагаа дэлхийн олон хотод боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын консулын газарт нэвтрээд сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийг оршуулах ажиллагаа өчигдөр дэлхийн хэд хэдэн хотод болж өнгөрсөн байна.

Цогцос нь одоо болтол олдоогүй тул шарилгүй хоосон оршуулсан нь энэ юм.

Баасан гарагийн өглөө мөргөлчид Саудын Арабын Медина хотын ариун сүмд цугларч талийгаачийг оршуулах ёслол үйлджээ.

Ийм ажиллагаа Туркийн Истанбул хотод мөн болсон байна. Энд цугларсан олон зуун муслим хүнд ихэнхдээ дайнаас эргэж ирээгүй, цогцос нь олдоогүй цэргүүдийн оршуулгын үеэр уншдаг номыг Исламын шашны санваартан уншиж сонсгожээ.

Ижил төстэй ёслолын арга хэмжээнүүд Мекка, Лондон, Парис, Тунис, Вашингтон зэрэг хотуудад болж өнгөрсөн байна.

Жамал Хашоггийн том хүү Салах өчигдөр Медина хотод болсон оршуулгад биеэр оролцжээ. Салах болон түүний дүү Абдуллах нар энэ сарын эхээр анх удаа хэвлэлд ярихдаа эцгийнхээ шарилыг шилжүүлж өгөх хүсэлтийг Саудын Арабын эрх баригчдад тавьснаа мэдэгдэж байв.

Тэд эцгийгээ алагдсан гэдэгтэй эвлэрч, “зоволгүй, түргэн амьсгал хураасан байгаасай” гэж залбирахаас өөр арга үлдээгүй гэдгээ ярьж байжээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт Саудын Арабын прокурор сэтгүүлчийн аллагад буруутай 21 хүнийг шийтгэх, тэдгээрийн тавд нь цаазын ял оноохоор төлөвлөж байгаагаа зарласан. Прокурор аллагыг урьдчилж төлөвлөөгүй, гэнэтийн явдал болсон гэж тайлбарласан юм.

Тэд сэтгүүлчийн аллагаас угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы нэрийг цэвэрлэх зорилгоор ийм алхам хийж байгаа хэмээн шинжээчид дүгнэж байна.

Харин Турк улсын засгийн газар энэ дүгнэлтийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Лхагва гарагт тус улсын гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу олон улсын мөрдлөг зохион байгуулахыг уриалжээ.

“Бид алуурчныг олохын тулд боломжит бүх арга хэмжээг авна. Хүссэн болгонд аллагын баримтыг үзүүлнэ” гэж тэр парламентын чуулган дээр хэлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian