Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Компьютер огт хэрэглэж үзээгүй гэсэн Японы сайд хэлсэн үгнээсээ буцлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газрын кибер аюулгүй байдал, Токио 2020 олимпийн наадмыг хариуцсан шинэ сайд компьютер огт хэрэглэж үзээгүйгээ парламентын хорооны хуралдаан дээр хэлсэн нь дэлхий нийтийг шуугиулж байсан билээ.

68 настай Ёшитака Сакурадагийн энэ үг Японы засгийн газар олимпийн наадмын бэлтгэлийг бүрэн хангаж чадах болов уу гэсэн эргэлзээ төрүүлж байв.

Тэгвэл шинэ сайд хоёр өдрийн дараа буюу өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хэлсэн үгээ залруулахад хүрсэн байна. “Арваннэгдүгээр сарын 14-нд хэлсэн үг маань би компьютерыг гэртээ өдөр тутам хэрэглэдэггүй, харин ажлын байрандаа хэрэглэдэг гэсэн утгатай байсан юм. Компьютер хэрэглэдэг хүн бүрт би кибер аюулгүй байдлаа хангахыг үргэлж зөвлөдөг” гэж Сакурада тайлбарлажээ.

Үе үе хэл ам, маргаан дагуулсан мэдэгдэл хийдэг Сакурадаг өнгөрсөн сард ерөнхий сайд Шинзо Абэ сайдын албан тушаалд томилсон юм.

Тэр олон жил парламентад суусан ч засгийн газарт огт ажиллаж үзээгүй улс төрч ажээ.

Сакурадагийн өмнө нь хэлсэн үгний талаар өчигдөр гарсан мэдээг энэ холбоосоор үзнэ үү.

 

Эх сурвалж: Japan Today