Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монгол эрчүүдийн эрүүл мэнд

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр 11 дүгээр сарын 19-нд тохионо-

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 19-нд тохиох “Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан зохион байгуулсан юм.

Монголын эрэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэг "Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал анхаарал татаж байна. Хамгийн гол нь осол гэмтлийн улмаас нас баралт сүүлийн 5 жилд эрс нэмэгдсэн. Мөн зүрх судасны өвчнөөр их өвчилж байна. Энэ нь буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалж байна. Түүнчлэн 15-35 насны залуусын дунд БЗХӨ их байгаа. Эрэгтэй хүүхдүүдийнхээ эрүүл мэнд болон хүмүүжил тал дээр анхаарал тавихыг эцэг, эхчүүддээ уриалж байна" гэв.

Суурьшлын бүсээс хамаарч нийт залуусын 24.76-76.9 хувь нь ямар нэгэн байдлаар өвчилсөн
 
Гэрэл зургийг mpa.mn

Хэлэлцүүлгээр анагаахын шинжлэх ухааны доктор М.Туул монгол эрчүүдийн өвчлөлийн талаарх судалгаагаа танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хот, төв, баруун, зүүн, говийн бүс хэмээх таван бүсэд хуваан залуусыг эрүүл мэндийг судалсан байна. Ингэхэд суурьшлын бүсээс хамааран нийт залуусын 24.76-76.9 хувь нь ямар нэгэн байдлаар өвчилсөн байна.

Түгээмэл тохиож буй өвчин:

  1. Нүд ба түүний дайврын, чих ба хөхлөг сэртэнгийн өвчин
  2. Дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчин
  3. Зүрх судасны солилцоот өвчин
  4. Гэмтэл хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэг
  5. Шээс бэлгийн тогтолцооны эмгэг

Түүнчлэн анхаарал татах нэг зүйл нь цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 20-29 насны залуусын дунд 9,843 байжээ. Харин 40-49 насныхны хувьд энэ тоо 26,655 байгаа юм. Мөн 1-4 настай эрэгтэй хүүхдүүдэд амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин 55,662 бол гэмтэл хордлого 5,000 хэмээн бүртгэгджээ.

Л.Ганчимэг: Цэргийн насны залуусын дунд БЗХӨ-ий тохиолдол ихэссэн
 
Гэрэл зургийг mpa.mn

Харин цэргийн насны залуусын эрүүл мэндийн талаарх судалгааг ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэг хийсэн бөгөөд сүүлийн жилүүдэд цэргийн албанд тэнцэхгүй тохиолдол ихэссэн гэдгийг онцолж байв. Тэрбээр “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цэрэг татлагын үзлэгт ирж буй залуусын дунд судалгааг явууллаа. Ингэхэд залуусын дунд БЗХӨ, амьсгалын тогтолцооны өвчин ихсэх хандлагатай байна.

Жилд дунджаар 60 гаруй мянган залуус үзлэгээр ирдэг. Тэдний 35-43.5 хувь нь эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй байгаа. Тэргүүлэх шалтгаанууд нь мэс заслын өвчин, дотор, чих хамар хоолой, сэтгэц мэдрэл, нүд өвчнүүд байна.

Мөн сүүлийн үед гарч буй өвчний үндсэн шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр, шүдний өвчин болоод байна. Мөн өмнө нь залуусын жин хүрэхгүй байх тохиолдол их гардаг байсан бол илүүдэл жингийн асуудал гарч байна” гэлээ.