Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Дугуй, хуванцар, хог шатаасан тохиолдолд торгууль ногдуулах хуулийн заалттай"

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс өнгөрөгч өдрүүдэд агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж, шалгалтын явцад гарсан үр дүнгээ танилцуулсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ үеэр агаар орчныг бохирдуулсан хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянгаас арван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэдгийг онцолсон юм.

Учир нь агаар орчинг бохирдуулагч эх үүсвэрт халаалтын зуух, утаа ялгаруулагч тээврийн хэрэгсэл багтдаг талаар бид их ярьдаг болов ч хувь хүний санаатай болон санамсаргүй үйлдлээс болж агаар бохирдуулж буй тохиолдлыг тэр анзааралгүй өнгөрөөдөг аж.

Тухайлбал, гадаа хог шатаах, тэр дундаа дугуй, хуванцар, ашигласан масло, бензин зэргийг шатаах үед диоксин, фуран хэмээх хорт нэгдэл үүсэж, үнс хөө тортогтой хамт агаар болон хөрсийг ихээр бохирдуулдаг байна.

Хог шатаах үед үүсдэг энэхүү диоксин, фуран гэх хорт нэгдэл нь хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног харин хүний биед 3-20 жил болж байж хагас задардаг гэсэн судалгаа байдаг талаар НМХГ мэдээлсэн юм.

Тийм ч учраас эдгээр хорт нэгдэл нь агаараар дамжин хүний биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдаж жирэмсэн эхчүүдийн ихэс болон урагт сөргөөр нөлөөлөх, чихрийн шижинг бий болгох, дархлааг сульдуулах, уушгины өвчлөлийг нэмэгдүүлэх, арьсны өвчлөлийг бий болгох зэрэг маш олон сөрөг үр дагаврыг бидэнд үзүүлдэг байна.

Эдгээр сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд санаатайгаар агаар бохирдуулж буй иргэд, аж ахуйн нэгж болон хуулийн этгээдэд ийнхүү торгууль ногдуулах аж.

Та бүхэн дугуй, хуванцар, хог шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж агаар бохирдуулж буй зөрчлийг илрүүлбэл мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсанд мэдээлэх боломжтой.