Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаантай арлууд дээр АНУ-ын цэрэг байрлахгүй гэж Абэ Путинд амласан гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Абэ, Путин нар дахин уулзана

Японы ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай Лхагва гарагт Сингапурт уулзахдаа хоёр орны дунд маргаантай байдаг арлууд дээр АНУ-ын цэрэг байрлахгүй гэж амласан тухай өнөөдөр Японы хэвлэлд мэдээлжээ.

Дэлхийн Хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн цэрэгт эзлэгдсэн гэдэг дөрвөн арлыг Японд Умард Газар нутаг гэж нэрлэдэг бол Орост Өмнөд Курилын арлууд гэдэг.

Арлуудын асуудал яригдах бүрт АНУ-Японы хооронд байгуулагдсан батлан хамгаалах гэрээ эдгээр арлуудад үйлчлэх эсэх тухай сэдэв сөхөгддөг.

Дөрвөн арал нь ОХУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд Номхон далайн баруун хэсэгт хүрэх гол түшиц газар нь юм.

Асахи Шимбун сонины мэдээнд өгүүлснээр хоёр удирдагч ЗХУ-Японы хооронд байгуулсан 1956 оны хамтарсан тунхагт үндэслэн дөрвөн арлын хоёр жижгийг нь энхийн гэрээ байгуулсны дараа Японд шилжүүлэх нөхцлийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Хэрвээ жижиг хоёр арлыг шилжүүлж авбал тэнд АНУ-ын цэрэг байрлахгүй гэдэг амлалтыг Шинзо Абэ ОХУ-ын ерөнхийлөгчид өгсөн байна.

Уг мэдээллийн мөрөөр Японы засгийн газраас тодруулахад хариулт өгөхөөс татгалзжээ.

Япон улс олон жилийн турш энхийн гэрээ байгуулахаасаа өмнө дөрвөн арлыг бүгдийг нь шилжүүлж авах шаардлага тавьж байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэ байр сууринаасаа ухарч, жижиг дөрвийг нь шилжүүлж аваад том хоёр дээр нь Оростой эдийн засгийн төслүүд хамтарч хэрэгжүүлэх, иргэдээ визгүй зорчдог болгох талаар ярих болсон.

Шинзо Абэ Путинтай энэ сарын 30-нд Аргентинд болох Их 20-ын уулзалтын үеэр, дараа нь 2019 оны эхээр Орост айлчлахдаа уулзах төлөвлөгөөтэй байна. Тэр 2021 онд ерөнхий сайдын суудлаас буухаасаа өмнө Оростой газар нутгийн маргаанаа шийдэх зорилготой байгаа юм.

Харин Владимир Путин маргаантай арлуудын асуудлыг түргэн шийдэх сонирхолгүй байгаа нь түүний хэлсэн үгнүүдээс ажиглагддаг.

 

Эх сурвалж: Reuters