Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 239 км замд тохиолддог "ТҮМЭН ЗОВЛОН"-г тоочив

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир өнөөдөр Гашуунсухайт боомт руу нүүрс тээвэрлэлт хийх замд гарч буй осол болон өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой, Орон нутгийн өмчит Тавантолгой болон “Энержи ресурс” гэсэн гурван компани нүүрс олборлон, борлуулж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэл 239 км засмал замаар 166 компанийн 12,000 орчим автомашин нүүрс тээвэрлэдэг.

Мөн Гурван тэс сумын нутагт байдаг Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас 5-6 зургаан компани олборлолт хийж байна. Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас Шивээхүрэнгийн боомт хүртэл 45 км сайжруулсан замаар 33 ААН-ийн 2,000 орчим автомашин нүүрс тээвэрлэж байгаа.

Өнөөдрийн байдлаар тоолж үзэхэд 5,200 машин 126 км үргэлжилсэн дарааллыг үүсгэсэн байна.

Гол хүндрэл Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 239 км замд гардаг. Сүүлийн өдрүүдэд 4-5 мянган машины 140 орчим км үргэлжилсэн дараалал үүсээд байгаа. Яг өнөөдрийн байдлаар тоолж үзэхэд 5,200 машин 126 км үргэлжилсэн дарааллыг үүсгэсэн байна. Дараалал үүсэж байгаа гол шалтгаан нь БНХАУ-ын хилээр нүүрс тээвэрлэж буй машиныг нэвтрүүлэх тоо эрс багассантай холбоотой. Ер нь бол хэвийн үед хоёр улсын хилээр өдөрт 1,000-1,200 машин нэвтэрдэг. Гэтэл сүүлийн өдрүүдэд дунджаар 400 машин, зарим өдрөө бүр 50, 60 машин хил гарч байна.

Нөгөө талаар нүүрсний уурхайнууд хилээр гарч байгаа хэмжээтэйгээ уялдуулж ачилтаа хийдэггүй, өдөр шөнөгүй ачаад байгаа нь дараалал үүсэхэд хүргэлээ.

Энэ их дарааллаас болж 12,000 орчим жолооч өлсөж, цанган бие болоод сэтгэл санаагаараа, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Зарим үед дарааллаас шалтгаалан амь насаа алдах тохиолдол гардаг. Дараалалд удсан зарим жолоочийн тэвчээр алдарч шороон замаар тээвэрлэлт хийдэг. Хүнд даацын автомашин тээвэрлэлт хийснээс болж гурван сум үндсэндээ бэлчээргүй болж байна. Энэ байдалд олборлолт хийж буй компаниуд дүгнэлт хийж, АТҮТ, холбогдох яам газрууд анхаарлаа хандуулахгүй бол асар их хүндрэлтэй байдлууд үүсчихлээ.

Дээрээ төр үймж байхад малчид болон тээвэрчид, олборлогч компаниудын дунд мөргөлдөөн гарч болохоор хүнд нөхцөл үүссэн байна" хэмээн ярилаа.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх замд 42 хүн амь насаа алдаж, 51 хүн хүн бэртжээ. Түүнчлэн энэ оны эхний 10 сарын байдлаар тус зам дээр 464 осол гэмтэл бүртгэгдсэн байна.

Тэдгээр ослын 58.4 хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй байгаа гэнэ. Хүнд даацын том оврын автомашиныг мэргэшсэн жолооч жолоодох ёстой ч 19, 20 настай дөнгөж шинээр жолооч болсон залуучууд хуурамч үнэмлэхтэй тээвэр хийдэг байна. Тиймээс энэ асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байгааг тэр мөн хэлсэн юм.

Дараагийн дугаарт буюу нийт ослын 20 гаруй хувь нь бүрэн бус тээврийн хэрэгслээс шалтгаалсан байна. АТҮТ-өөс Цогтцэций суманд томилогдож буй таван байцаагч байдаг. Энэ орон тоо хяналт тавихад хаанаа ч хүрэлцэхгүй байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаг, шалгадаг олборлогч бараг байдаггүй гэнэ.

"Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 239 км засмал зам хэдий боловч эвдрэл ихтэй. Үүнийг хариуцаж ажилладаг 100 гаруй ажилтантай "Гашуунсухайн авто зам" компани ажиллаж байгаа ч замаа засах биш тус замаар явж буй нэг рейс тутамд 200-350 мянган төгрөгийг хураахаас өөр ажил хийхгүй байна. Энэ хураасан мөнгөө "Эрдэнэс монгол" компани руу шилжүүлдэг. Өөрт нь энэ мөнгөнөөс аваад замаа засахад зарцуулах эрх байхгүй. Бүх юмыг “Эрдэнэс монгол” компаниас царайчлаад сууж байдаг. Үүн дээр тээвэрлэлт хийж буй компаниуд маш хариуцлагагүй байна. 166 компаниас арай нэг хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг нь 30 орчим компани бий. Бусад нь зүгээр л тээвэрлэлт хийх эрхтэй нэрээ ашиглуулаад сууж байна. Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалаад жолоочид болон тухайн орчны малчид хохирсоор байгаа" хэмээн Х.Сугир дарга хэлсэн юм.

Аймгийн удирдлагын зүгээс дээр дурдсан хүнд нөхцөл байдлуудыг арилгуулахаар холбогдох албаныханд ханддаг ч дорвитой хариу ирдэггүйг хэлж байлаа. Тухайлбал, “Эрдэнэс монгол” компанид хандаж "Гашуунсухайн авто зам" компанийн дэргэд замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлах нэгж байгуулах санал хүргүүлсэн ч "Авто замын эвдрэлийг тойрч гарах үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт үйлдээгүй байна" хэмээн хариу өгчээ.

Түүнчлэн “Эрдэнэс монгол” компаниас цалинжуулан 30 цагдаагийн алба хаагчийг ээлжээр тус замд ажиллуулах ёстой ч одоогоор 22 цагдаа ямар ч ээлжгүй ажиллаж байгаа гэнэ.

Дээр дурдсан нөхцөл байдлуудтай холбоотойгоор аймгийн зүгээс ажлын хэсэг гаргаж, тээвэрлэлтийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийгээд үүн дээрээ үндэслэн "Эрдэнэс монгол" компани, АТҮТ, "Гашуунсухайт авто зам" компанид албан бичиг хүргүүлсэн ч ажлаа хийхгүй байгаа учраас өнөөдөр төр засгийн удирдлагууд, ард түмэнд энэ талаар мэдээлэл хүргэхээр хэвлэлийн бага хурал зарласнаа Х.Сугир дарга хэвлэлийн хурлын төгсгөлд хэллээ.