Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан Кхмерийн удирдагчдыг яллах сүүлчийн шүүх хурал өнөөдөр болж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

1970-аад оны үед Камбожид ноёрхож байсан Пол Потын дэглэмийн амьд үлдсэн сүүлчийн хоёр удирдагчийн хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна.

Пол Потын орлогч асан 92 настай Нуон Чеа, дэглэмийн засаг захиргааны тэргүүн асан, 87 настай Кхеү Самфан нарыг Камбожийн вьетнам үндэсний цөөнх, чам муслим үндэсний цөөнхийн эсрэг геноцид үйлдсэнд буруутган шүүх юм.

Эдгээр хүмүүс нь 2014 онд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, одоо бүх насаар хоригдох ял эдэлж байгаа.

Өнөөдрийн шүүх хурал нь Пол Потын дэглэмийн удирдагчдыг яллах сүүлчийн хуралд тооцогдож байгаа бөгөөд НҮБ хамтран ажиллаж байгаа юм.

Улаан Кхмерүүд гэгддэг Маоист, радикал бүлэглэл 1975-1979 онд Пол Потын удирдлагаар Камбожид дэглэмээ тогтоож байв. Францад боловсрол эзэмшсэн дэглэмийн удирдагчид Камбожийг гадаад ертөнцөөс хараат бус, хөдөө аж ахуйн орон болгох зорилт тавьж, хотын иргэдийг хөдөө орон нутагт хүчээр цөлж, албадан хөдөлмөр эрхлүүлж байжээ.

Энэ үед нийт 2 сая орчим энгийн иргэн амиа алдсан юм. Тэдний дотор Улаан Кхмерүүдийн дайсанд тооцогдож байсан сэхээтнүүд, үндэсний цөөнхүүд, өмнөх засгийн газрын ажилтнууд байсан гэдэг. Мөн олон тооны хүн хүнд хэцүү ажлын ачааллыг даалгүй, өлбөрч үхсэн байна.

1979 онд хөрш Вьетнамын засгийн газрын цэрэг Камбожид нэвтэрч, Пол Потын дэглэмийг унагасан юм. Пол Пот Камбожоос дүрвэж, 1997 он хүртэл эрх чөлөөтэй явсны эцэст баривчлагдан гэрийн хорионд байхдаа жилийн дараа нас баржээ.

2006 онд Камбожийн болон олон улсын шүүгч нараас бүрдсэн тусгай шүүх байгуулагдаж, Улаан Кхмерийн удирдагчдад ял оноож эхэлсэн байдаг.

 

Эх сурвалж: BBC