Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Орон гэргүй баатар”-ын түүх бүхэлдээ хуурамч болохыг АНУ-ын прокурор тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Жил орчмын өмнө Нью Жерсигийн оршин суугч эмэгтэй ганцаараа шөнө жолоо барьж яваад шатахуун нь дуусч эзгүй, аюултай газарт зогссон байна.  Энэ үед өөрт байсан $20-оор шатахуун авч өгч тусалсан орон гэргүй, сайн санаат хүний түүх хэвлэлээр тарж, хүмүүсийг байлдан дагуулж байв.

Улмаар туслуулсан эмэгтэй, найз залуугийн хамт орон гэргүй эрд туслах аяныг GoFundMe сүлжээнд эхлүүлж, сайн санаатнаар бахархсан хүмүүсийн хандиваар нийт $400,000 гаруйг цуглуулсан байна.

Тэгвэл энэ түүх бүхэлдээ зохиомол байсныг АНУ-ын прокурорын газар өчигдөр зарлажээ.

Нью Жерсигийн Барлингтон дүүргийн прокурор Скотт Коффина худал түүх зохион тарааж, хуйвалдсан хос болон орон гэргүй эрд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мөн тэдний зохиосон түүхэнд итгэж мөнгө хандивласан хүмүүст мөнгийг нь буцаан төлүүлэх шийтгэл төлөвлөжээ. Орон гэргүй Жонни Боббитыг Лхагва гарагийн шөнө цагдаа нар Филаделфид баривчилж, саатуулсан байна.

Мөнгө цуглуулах ажлыг зохион байгуулсан хүмүүс болох Марк Дамико, Кэйтлин Макклур нарыг мөн баривчилсны дараа батлан даалтаар суллажээ.

Жонни Боббит өнгөрсөн есдүгээр сард хандивын цуглуулсан мөнгийг өөрт нь өгөөгүй тухай шүүхэд гомдол гаргаснаар прокурорууд хэргийг шалгаж эхэлсэн байна.

Улмаар тэдний хэвлэлээр тараасан түүх бүхэлдээ хуурамч, хуйвалдаан байсныг мөрдлөгийн явцад олж тогтоожээ. Хандивын мөнгийг хос хоёр хэрхэн үрсэн нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press