Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Netflix гар утсанд зориулсан илүү хямд багцыг туршиж байна

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Олон улсын кино, видео контентийн зах зээлд аль хэдийн ноёрхож буй Netflix компани үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгохын тулд зөвхөн гар утсанд зориулсан илүү хямд багцыг туршиж эхэлжээ.

Тодруулбал, Азийн бүс нутагт үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх сонирхолтойгоор ийнхүү туршилтыг Малайз улсаас эхлүүлээд байна.

Тус компанийн Гүйцэтгэх Захирал Рид Хастингс "Бид үзэгчдэд зориулсан илүү хямд багцуудыг туршиж эхэлсэн. Энэхүү туршилтыг Азийн бүс нутагт тэр дундаа Малайз улсаас эхэлж туршихаар болоод байна" хэмээн онцолсон юм.

 
Monthly price in Malaysia

Малайз улсад туршиж буй энэхүү багц нь нэг сарын 17 Малайз Рингитт байх бөгөөд ойролцоогоор дөрвөн ам.доллартай тэнцэж байгаа юм. Ингэснээр Netflix-ийн санал болгодог хамгийн хямд багцын ердөө тал үнэд хүрч байна гэсэн үг. Мөн компани энэхүү туршилтыг зөвхөн Малайз улсад эхлүүлсэн хэмээн зарлаж байгаа хэдий ч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Малайзаас гадна хэд хэдэн улсад ч мөн туршилтыг эхлүүлэн явуулж байгаа аж.

Netflix дэлхий даяар ойролцоогоор нийт 137 сая хэрэглэгчтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 58 саяыг АНУ-ын хэрэглэгчид бүрдүүлж байгаа бол үлдсэн хэсгийг бусад улсууд эзэлдэг байна. Мөн эдгээр нийт хэрэглэгчдийн 35 гаруй хувь нь зөвхөн гар утас болон таблет дээр видео контентийг хүлээн авч үздэг байна.

Тус компанийн зүгээс ийнхүү гар утас, таблет хэрэглэгчиддээ нарийвчилсан санал тавихаар зэхэж байгаа аж. Түүнчлэн Энэтхэгийн зах зээлд илүү анхаарлаа хандуулж, тус улсад тохирсон контентийг ойрын үед гаргахаар зэхэж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Techcrunch