Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангахад анхаарч ажиллана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж даргаа сонголоо. Хуралд оролцсон бүлгийн гишүүд 90.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар сонгосон байна.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар томилохыг дэмжсэн юм.

Ингээд хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс төрийн хувьд амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна. Би цаашдаа дараахь чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Тиймээс мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүлгийн үүрэг нэн чухал. Ойрын үед цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг намын Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцүүлнэ гэсэн бодолтой байна.

Хоёрдугаарт, УИХ болон бүлгийн гишүүдийн нэр хүндийг өргөх, эв түнжинг нэгтгэх, гишүүдийн эрхийг хамгаалах асуудал ч байгаа. Үүнд, шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд онцгой анхаарал хандуулна. Энэ парламент хууль батлах үйл ажиллагаагаа маш сайн биелүүлж, доголдолгүй явж байгаа. Миний хамгийн гол үүрэг бол бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллах гэдэгтэй санал нэг байна” гэсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

-Бүлгийн эв нэгдлийг хангах нэрийдлээр гишүүдийн хууль бус үйлдлийг өмгөөлөхгүй биз дээ? 

-Их хурал, Засгийн газар шударга ёсыг тогтоох чиглэлд явж байгаа. Дутагдал гаргасан, нэр хүндээ сэвтээсэн гишүүдээ хамгаална гэж яриагүй. Энэ асуудал хуулийнхаа дагуу явна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбогдсон гишүүд ёс зүйн хариуцлага хүлээсэн. Хууль зүйн хүрээн дэх хариуцлагын асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. 

-Бүлгийн даргын эрхийг яг хэрхэн тодорхойлсон байдаг юм бэ? 

-Бүлгийн даргад эрх хэмжээ гэж байхгүй. Харин үүрэг хариуцлага, зохион байгуулах үндсэн ажилтай. Бүлгийн дарга дангаараа шийдвэр гаргана гэсэн ойлголт байхгүй. Аливаа асуудалд хамтын удирдлагаар шийдвэр гаргадаг.


Түүний товч намтар: 

1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр
1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.