Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп эхнэрийнхээ захиалгаар Цагаан ордны ажилтныг халжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр болж өнгөрсөн Конгрессийн сонгуулиар Ардчилсан Намд төлөөлөгчдийн танхимыг алдсан Дональд Трамп уур бухимдалтай байна.

Тэрээр өчигдөр тэргүүн хатагтайн хүсэлтээр Цагаан ордны албан хаагчийг ажлаас нь халах шийдвэр гаргажээ. Энэ нь сонгуулийн дараа Цагаан ордонд хийгдэх халаа сэлгээний эхлэл гэж ажиглагчид үзэж байна.

Тэргүүн хатагтайгаас гардаг маш ховор үйлдлийг Меланиа Трамп өнгөрсөн Мягмар гарагт үзүүлсэн юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Мира Рикарделыг “Цагаан ордонд алба хаших эрхгүй хүн” гэж зарласан байна.

Эх сурвалжуудын баталж байгаагаар өнгөрсөн сард Меланиа Трамп Африкийн орнуудаар айлчлах үед Рикардел онгоцны суудал булаацалдаж, тэргүүн хатагтайн ажилтнуудтай маргалдсан байна.

Үүний дараа тэр тэргүүн хатагтайн тухай сөрөг мэдээлэл хэвлэлийнхэнд өгсөн гэгдэж байгаа юм.

Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Рикарделыг Цагаан ордноос явж байгааг зарлахдаа “засаг захиргааны өөр албан тушаалд шилжиж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацааны хоёрдугаар хагас ширүүн эхэлж байна. Түүний нам сонгуульд байр сууриа алдсан бол АНУ хамгийн ойрын холбоотнуудтайгаа шөргөөцөлдөж, Цагаан ордны дотоод уур амьсгал тогтворгүйтэж эхэлжээ.

Трампын халаа сэлгээнд хэд хэдэн өндөр албан тушаалтан өртөх төлөвтэй байгааг хэвлэлүүд мэдээлсний дотор Цагаан ордны тамгын газрын дарга Жон Кэлли багтаж байна.

Тэнгисийн цэргийн чөлөөнд гарсан генерал, Трампын засаг захиргааныхан дотор “цорын ганц том хүн” гэгддэг Кэллиг бас тэргүүн хатагтайтай таарамж муутай гэлцдэг.

Меланиа Трампын шадар хүмүүсийг албан тушаалд дэвшүүлэхдээ хойрго ханддаг нь тэдний хоорондын гол зөрчил гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн сонгуулиар Бүгд Найрамдахчууд сенатад олонх хэвээр үлдсэн ч төлөөлөгчдийн танхимд найман жилийн дараа Ардчилсан Нам олонх болсон нь Трампыг хүссэнээрээ ажиллах боломжийг хааж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP