Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС, цэцэрлэгүүдэд улсаас өгсөн агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг 2 жил солиогүй зөрчил илэрлээ

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс өнгөрсөн өдрүүдэд агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороонд агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэхүү шалгалтын үеэр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон эрүүл мэндийн байгууллагуудад тараагдсан агаар цэвэршүүлэгчийн ашиглалтад хяналт хийсэн ба шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

 
Гэрэл зургийг: mpa.mn

НМХГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Я. Хандармаа "Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон эрүүл мэндийн байгууллагуудад тараагдсан агаар цэвэршүүлэгчид хяналт, шалгалт хийлээ.

Нийт 1,467 ширхэг агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд шалгалт хийхэд ашиглалтын гарын авлагатай танилцдаггүй, хэрхэн, яаж ажиллуулахаа мэддэггүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, шүүлтүүрийг нь сольдоггүй мөн тооллого дутсан зэрэг алдаа, дутагдлыг илрүүлээд байна.

Тухайлбал, 2016 онд тараагдсан хоёр жил орчим ашиглагдаж буй агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг нэг ч удаа солиогүй.

Мөн агаар шүүгчийг хичээлийн өрөө, танхимд бус сургууль, цэцэрлэгийн захирал, сургалтын менежер өрөөндөө суурилуулан ажиллуулж байсан зөрчил ерөнхий боловсролын 71 болон 58 дугаар сургууль дээр илэрсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудад ч мөн энэ төрлийн зөрчил илэрсэн. Тодруулбал, нийслэлийн Хүрээ болон Өргөө амаржих газрын тасгийн эрхлэгч, захирал өрөөндөө агаар цэвэршүүлэгчийг байрлуулсан байсан. Эдгээр зөрчлүүдэд бид зохих хэмжээний арга хэмжээг авч ажиллаад байна.

Агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэг болон эрүүл мэндийн байгууллагуудад суурилуулснаар агаар дахь нян бактерийг устгадаг тул томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой юм" гэлээ.

Сургууль, цэцэрлэгийн дотоод орчинд агуулагдах агаарын бохирдлын PM 2.5 тоосонцрын дундаж түвшин хоногийн хүлцэх хэмжээнээс 1.9 дахин их байдаг нь судалгаагаар тогтоогдсон.

Харин агаар цэвэршүүлэгчийг хэрэглэснээр энэхүү тоосонцрын хэмжээг 3.2 дахин бууруулдаг болох нь тогтоогдсон тул агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэгийн орчинд зөв хэрэглэж хэвшсэнээр ид дэгдэж буй томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид онцолж байлаа. 

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага, ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байна гэсэн судалгаа мөн гарсан байна.