Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сербийн ерөнхийлөгчийг гомдоосондоо Францын элчин сайд уучлал гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич

Өнгөрсөн долоо хоногт Парист болсон Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд энэ дайнд оролцсон дэлхийн улс орнуудын удирдагч нар оролцсон билээ.

Ням гарагт болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Косово улсын ерөнхийлөгч Хашим Тачигийн суудал Франц, Герман, Орос, АНУ зэрэг том гүрнүүдийн удирдагчдын ард таарсан бол Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тэдний эсрэг талд тусдаа суусан юм.

Ингэж гадуурхагдсандаа гомдсон Вучич дараа нь “Дэлхийн Нэгдүгээр дайнд хамгийн олон хүнээ алдсан Серби улсад ингэж хандсанд итгэхгүй байна” хэмээн хэвлэлд ярьсан байна.

Нэгдүгээр дайнд амь үрэгдсэн хүний тоог хүн амтай нь харьцуулбал Серби улс хамгийн их хохирол амссан байдаг. Нийт 1.25 сая хүн амь үрэгдсэн нь дайнаас өмнөх Сербийн хүн амын 28 хувь буюу бараг гуравны нэг болдог ажээ.

Тэдний 62 хувь нь 18-55 насны эрчүүд байсан гэдэг. Вучичийг бухимдуулсан бас нэг асуудал нь 10 жилийн өмнө Сербиэс салан тусгаарласан албани үндэстэн голлодог Косовогийн ерөнхийлөгчид Парис илүү хүндлэл үзүүлсэн явдал байв.

Ерөнхийлөгчийн гомдлын үг орон нутгийн хэвлэлд гарсны дараа Франц улсаас Белградад суух элчин сайд Фредерик Мондолини түүнээс хэвлэлээр уучлал гуйжээ.

Тэр Прва телевизийн сувагт ярихдаа Парисын арга хэмжээний суудлын хуваарьт ноцтой алдаа гарсныг хүлээн зөвшөөрөөд Вучич болон Сербийн ард түмнээс уучлалт гуйсан байна.

“Серби улс дайнд хүн амынхаа гуравны нэг орчмыг алдсан тухай би мэднэ. Парист яагаад ийм алдаа гарсныг би мэдэхгүй байна” гэж Мондолини ярьжээ.

Сүүлд Александр Вучич твиттер хуудсандаа уучлалт гуйсан явдалд нь Мондолинид талархал илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty