Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбасайхан: Монголоор эрчим хүчний “хурдан галт тэрэгний” сүлжээг дамжуулна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн зохицуулагч Б.Бямбасайхантай ярилцлаа.

- Энэ сарын эхээр Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг Улаанбаатарт хөндөж ярилаа. Зүүн хойд Азийн орнуудын анхааралд Азийн супер сүлжээ орсон нь тод ажиглагдлаа. Монголд болоод өнгөрсөн энэ форум хэр үр дүн, өгөөжтэй болж өнгөрөв?
- НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг хариуцсан байгууллага, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Гадаад хэргийн яам, Хятадын Цахилгаан эрчим хүчний зөвлөл, Оросын судалгааны байгууллага зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн гол улсуудын эрчим хүчний салбарыг хариуцсан төлөөлөгчид Монголд ирж хуралдсан.

Гол зорилго нь маш тодорхой. Азийн супер сүлжээний талаар хийсэн, хийж буй эдийн засаг, техникийн судалгаануудынхаа үр дүнг танилцуулсан юм. Бүс нутгийн эдийн засаг, эрчим хүчний дэд бүтцийн хамтын ажиллагаа гэдэг бол Зүүн хойд Азийн бүс нутгийн улсуудын хувьд чухал ач холбогдолтой. Тэрийгээ судалгаагаар нотолж байна. Энэ судалгааны үр дүн дээр бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэл эрмэлзэл улам тодорч байна.

Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд тэргүүлэх байр суурьтай оролцож явааг хүн бүр хэллээ. 

Нэгдүгээрт МонголУлсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга энэ санаачлагыг бүрэн дэмжиж бусад улсыг уриалж байгаа нь маш чухал үзүүлэлт хэмээн НҮБ-ын бүс нутгийн эрчим хүч хариуцсан төлөөлөгч онцолсон.

Хоёрдугаарт манай улс өөрсдөө нарийн судалгаанууд хийж, Монголдоо ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэллээ. Энэ оны наймдугаар сард Монголд Ази Номхон далайн сэргээгдэх эрчим хүчний форум болсон. Азийн супер сүлжээний тусгай хуралдаан өрнөлөө. Монголын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ЭХЯ, Азийн хөгжлийн банктай хамтраад Бээжинд олон улсын хуралдаан зохион байгуулсан. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүжээний хамтын ажиллагааны байгууллага энэ жилийнхээ форумын хамгийн гол оролцогчоор Монголыг томьёоллоо.

Манай улс илтгэлээ тавьсан. Монголын бизнесийн зөвлөл уг олон улсын шинэ байгууллагын гишүүнээр элсэн орсон. Олон жилийн хөдөлмөрийн үр дүн богино хугацаанд ар араасаа гарч байгаа хэрэг л дээ. Улаанбаатарт өнгөрсөн долоо хоногт болсон форумын үеэр дэлхийд анх удаа дөрвөн том суурь судалгааг нэг дор танилцууллаа. 

- Улаанбаатарт болж өнгөрсөн форум дээр танилцуулсан судалгаануудыг мэргэжлийнхэн хэр хүлээж авч байна, ямар санал шүүмж хэлэв?
- Эдийн засгийн хувьд Монгол, Хятад, Орос, Солонгос, Япон улсууд энэ сүлжээнд хамрагдах нь өөрсдөд нь ашигтай гэдэг дээр санал нэгдлээ.

Технологийн хувьд ч бүрэн боломжтой гэж үзсэн. Хамгийн сүүлийн үеийн технологийн ололтуудыг ашиглах боломж гарч байгаа тул технологийн компаниуд  их баяртай байгаа юм байна. Судалгаануудын хувьд эдгээр орны цахилгаан эрчим хүчний сүлжээнүүдийг хооронд нь нэгтгэх горим, технологийн шийдлийг гаргаж байна. Аль шугам, дэд станцаар холбох, хаана ямар төслүүд хэрэгжих гэсэн нарийн асуудлууд руу ч орж судалж байгаа. Мөн улс төрийн хувьд бүс нутгийн эдгээр орон нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай. Үүнд Монгол улс тэргүүлэн оролцож байгааг НҮБ болон бусад байгууллагууд сайшааж байна.  

 

- Улаанбаатарт болсон форумд Азийн супер сүлжээнд оролцогч улсуудыг төлөөлж ямар газрууд оролцсон бэ?
- Сая болсон арга хэмжээнд Монгол, Хятад, Орос, Солонгос, Японы эрчим хүчний судалгааны байгууллагууд болон бусад 10 гаруй орны эрдэмтэд, бизнесийн төлөөлөгчид, НҮБ, болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд оролцлоо. Мөн аравдугаар сарын 26-нд Бээжинд манай Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банкны хамтран зохион байгуулсан бүс нутгийн хуралд Солонгосын “Кепко”, Оросын “Россети”, Хятадын “Стэйт грид”, Монголын Диспетчерийн үндэсний төв гээд үндсэн дөрвөн гол компани оролцсон юм.

Арваннэгдүгээр  сарын 19-нд Токио хотод  болох “Инвест Монголиа” хөрөнгө оруулалтын чуулганд Азийн сүпер сүлжээний бизнес, технологийн тусгай хуралдаан болно. Японы технологийн компаниуд Ерөнхийлөгчийн санаачлагыг ихэд сонирхон, Монголд хамтарч бизнес хийх боломжийг эрэлхийлж байгаа юм байна. 

"Энгийнээр зүйрлэвэл бид Монголоос Хятад, Солонгос, Япон гэсэн “хурдан галт тэрэгний” шинэ зам барьж, шинэ үйлчилгээ эхлүүлэх гэж байна"

- Зүүн хойд Азийн таван улсыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбоно гэсэн санаачлагыг холын мөрөөдөл, эхлээд дотоодын зах зээлээ хангаж байж ярих хэрэгтэй гэх хүмүүс олон байна?
- Аль ч улсад энэ том сүлжээ бүтэх үү гэж бодож байгаа хүмүүс зөндөө бий.

Японд ч ялгаагүй. Энгийнээр зүйрлэвэл бид Монголоос Хятад, Солонгос, Япон гэсэн “хурдан галт тэрэгний” шинэ зам барьж, шинэ үйлчилгээ эхлүүлэх гэж байна.

Дотоодын зах зээлийн хоёр гегаваттын эрэлтийг хангах тухай асуудлаас агуулгаараа тэс өөр. Өөрөөр зүйрлэвэл өнөөдрийн Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглахгүй. Монголд бэлээхэн байгаа  1.2 тераваттын нарны, 200 гегаваттын салхины том нөөцийг цахилгаан болгож гадаадын улсууд руу экспортлоно. Цоо шинэ технологи ашиглаж, шинэ эх үүсвэрүүдийг бий болгож байж энэ шинэ зах зээл маань үүсэх юм. Дэлхийн нийт үйдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 30 хувийг манай хөрш зэргэлдээ улсууд хэрэглэж байна.

Энэ хэрэглээ жилдээ гурван  хувиар өсч байгаа. Маш том зах зээл гэсэн үг. Нэг талдаа зах зээлийн шинэ харилцаа үүснэ. Нэг нь үйлдвэрлэж дамжуулаад нөгөө нь худалдаж авна. Нөгөө талдаа Монголд шинэ бизнес үүснэ. Том хэмжээний цахилгааны эх үүсвэр, дамжуулах сүлжээ барих бол дагаад энэ салбарт шаардагдах үйлдвэр, үйлчилгээ гээд шинэ технологийн бизнесүүд Монголд бий болно. Энэ бол манай улсыг өндөр технологийн төв болох бодит боломж. 

- Технологийн шийдлүүдийн хувьд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглах нь олзуурхмаар санагдсан. Далай доогуур татаж буй дамжуулах сүлжээг өнөөдөр 1,500 метрийн гүнд тавьж байгаа бол ирэх жилүүдэд 3,000 метрийн гүнд кабел татаж улс орнуудыг холбоно гэв үү?
- Цахилгаан дамжуулах технологийн хувьд дэлхий дээр хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбар л даа. Хол зайд алдагдал багатай дамжуулах шинэ технологийг зохион бүтээж, нэвтрүүлээд, бизнес болгоод явж байна. Өнөөдрийн хувьд манай цахилгаан дамжуулах сүлжээнд ийм технологи нэвтрээгүй. Азийн супер сүлжээнд бид цоо шинэ технологи ашиглаж нэгдэнэ гэж хэлж болно.Энэ чиглэлээр ажилладаг Америк, Европ, Азийн эрчим хүчний технологийн компаниудын хувьд өсөлтийн алтан боломж гэж харж байна лээ.

- Монголд нар, салхины станцууд байгуулж Азийн улсууд руу экспортлохын тулд дэд бүтцэд  өчнөөн хөрөнгө мөнгө шаардлагатай, тэр мөнгийг хаанаас гаргах вэ гэсэн асуулт бий. Сая болсон форумаас анзаарахад манайхаас эрчим хүч авах сонирхолтой улсуудаас гадна олон улсын банк санхүүгийн байгууллагууд нар, салхинаас гарах цэвэр эрчим хүчинд санхүүжилт өгөхөд асуудалгүй гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн. Хөрөнгө оруулалтын хувьд ийм давуу тал байна уу?
- Хэд хэдэн асуудал бий. Сэргээгдэх эрчим хүчээр яагаад бүс нутгаа хангах шаардлагатай вэ гэсэн асуулт бий. Зүүн хойд Азийн бүс нутгийн хувьд дэлхий дээр хамгийн “бохир” бүс нутаг. Учир нь эрчим хүчний салбарын хэрэглээ нь асар өндөр, нүүрс хүчлийн хий хамгийн ихээр ялгаруулдаг. Дэлхийн эдийн засгийн дөрөвний нэг, эрчим хүчний үйлдвэрлэлийн гуравны нэг нь энэ бүс нутагт ногддог. Тиймээс ирэдүйд үйдвэрлэл, хэрэглээгээ“цэвэр болгох”шаардлага тулгарч байна. Шинэ зах зээл маань сэргээгдэх буюу цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжсэн зах зээл болох учиртай. Тийм ч учраас Монголын газар нутгийн давуу тал бий болж байгаа.

Дэлхийд сэргээгдэх эрчим хүчний ач холбогдол маш өндөр.

Дэлхийн дулаарал бидний амьдралд сѳргѳѳр нѳлѳѳлж буй бодит асуудал болсон. Тэр дундаа хамгийн их хүн амтай, эдийн засгийн хамгийн том төв гэдэг утгаараа манай бүс нутагт энэ асуудал бүр ч хамаатай. Бүс нутгийн хэмжээнд бохирдлоо яаж багасгах вэ гэдэг асуудалд анхаарал тавьж байна. Хамгийн цэвэр эрчим хүчийг сүлжээгээрээ дамжуулдаг горим руу шилжинэ гэсэн зорилготой байгаа. Зах зээлийн хувьдцэвэр эрчим хүчийг хамгийн түрүүнд худалдаж авна гэсэн зарчимаар ажиллана гэсэн үг. Бидэнд нүүрс бий. Нүүрсний шинэ технологиуд бий болж байгаа. Гэхдээ өнөөдөр Америк, Европ, Японы аль ч арилжааны банк, Дэлхийн банк, түүний харьяа ОУСК, мѳн ЕСБХБ, АХБ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг манай бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн банкууд нүүрснээс татгалзсан. Өөрөөр хэлбэл нүүрсний цахилгаан станцыг, нүүрсний цахилгаан станцаас эрчим хүч дамжуулж байгаа шугамыг санхүүжүүлэхгүй гэж байна. 

- Эцэслээд тодорхой болчихсон асуудал уу?
-Тов тодорхой болсон. Сэргээгдэх эрчим хүчин дээр үндэслэсэн зах зээлийн онцлог давуу тал нь энэ. НҮБ-аас зохион байгуулсан саяны хуралдаанд олон улсын банкууд олноор ирж оролцсон. Азийн дэд бүтцийн хөгжлийн банк гэх Бээжинд төвтэй энэ олон улсын шинэ банкныхан илтгэлдээ цэвэр эрчим хүчийг дэмжинэ, тийм учраас энэ санаачлагын хүрээнд хэрэгжих бүх төсөлд оролцож, зээл өгөх сонирхолтой байна гэдгээ тодорхой илэрхийлж уриалсан. 

- Ганц Зүүн хойд Азийн бүс ч биш дэлхийг хэрсэн эрчим хүчний сүлжээ байгуулах сонирхол улс орнуудад хүчтэй боллоо гэсэн мэдээлэл давтамжтай дуулдаж байна. Шалтгаан нь юундаа байна вэ?
-Хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн том шалтгаан нэг нь дэлхийн дулаарал. Дэлхий даяараа дулаарлын эсрэг тэмцэж байна. Хамгийн сүүлд олон орныг хамарч гарсан олон улсын баримт бичиг бол Парисийн гэрээ. Тэр хүрээнд бүх улсад эрчим хүчний хэрэглээгээ илүү цэвэр болгох шаардлага тулгарч байна. Хамгийн ихээр бохирдуулж байгаа улс орнууд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө илүү өндөр үүрэг хүлээж эхэлсэн. Дэлхийг хамарсан цэвэр эрчим хүчний сүлжээг бий болгоё гээд байгаа нь ийм учиртай. Нѳгѳѳх чухал шалтгаан нь технологийн хѳгжил. Ѳѳрѳѳр хэлвэл шинэ технологийн ололтуудыг бизнес болгож дэлхийн дулааралтай тэмцэж байна. 

- Манай улс салхи, нарны станцууд бариад хэрэглээд дадчихсан. Малчид нь гэхэд нарны эрчим хүчний байнгын хэрэглэгчид. Биднээс цэвэр эрчим хүч худалдаж авах сонирхолтой  Зүүн хойд Азийн улсуудад  энэ тал маань давуу онцлог болж харагдаж байгаа байх...?
- Энэ санаачлага эхэлж байхад буюу 2011 онд Монголд сүлжээнд холбогдсон нар, салхины цахилгаан станц байгаагүй.

Гэтэл өнөөдөр салхины станцын хүчин чадал 155 МВт, нарны станцын чадал бараг 100 МВт хүрэх гэж байна. Өөрөөр хэлбэл бидний хоосон юм яриагүйг илтгэх зүйл л дээ. Эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг тун удахгүй сэргээгдэх эрчим хүчнээс хангана гэсэн зорилт маань давуу тал болж байгаа.

Хятад сэргээгдэх эрчим хүчнээс нийт хэрэглээнийхээ 37 хувийг хангана гэж байна. Япон, Солонгост газар нутгийн сул тал бий. Япон, Солонгосын онцлог нь өөрсдөө нүүрс, газрын тос, байгалийн хийгүй болохоор эрчим хүчээ импортолдог. Газар нутаг нь хязгаарлагдмал учраас дотооддоо нар, салхины эрчим хүч үйлдвэрлэж ашиглах боломжгүй. Харин манай улсад тийм зовлон алга. Олон улсын хэмжээнд монголчуудыг сэргээгдэх эрчим хүчийг хамгийн их хэрэглэдэг улс гэж ярьдаг. Таны асуултандаа онцолсончлон хөдөө орон нутагт амьдарч байгаа сая гаруй иргэд маань нарны эрчим хүчийг амьдралдаа хэрэглэж байна. Технологийн энэ дэвшил, хэдхэн жилийн дотор бидний амьдралын нь хэв маяг болчихсон.