Сүүлийн өдрүүдэд Богдхан уулын ДЦГ-т мод бэлтгэж байгаа тухай мэдээлэл тараад байгаа билээ. Тэгвэл энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас тодруулахад дараах хариуг өглөө.
Энэ оны 8 дугаар сарын 16-наас Нүхтийн аманд ойн цэвэрлэгээний ажил эхэлсэн бөгөөд тухайн газар бартаа саад ихтэй, уулын эгц огцом налуу болон цаг агаарын хувьд бороо ихтэй халтиргаа гулгаатай, техникийн саатлаас одоог хүртэл цэвэрлэгээний ажил дуусаагүй байгаа аж.
Нүхтийн ам талаас айл ихтэй хашаа барьсан тул Жаргалантын амаар дамжуулан цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа гэдгийг онцоллоо.
Мөн "Ойн цэвэрлэгээ хийх гэрээний дагуу "Ойн шинэс трейд" ХХК ойн сангийн Богдхан уулын Дархан цаазат газрын Бумбатын амны 40 хэсэглэл 11, 6 дахь ялгаралд тусгаарлалт хийсэн 10 га талбайд цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажлаар нийт 374 метр куб, хэрэглээний 62.8 метр куб, түлээний мод 312 метр куб модыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20 хүртэл хугацаанд цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолт хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна" гэлээ.
2018 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар 50м3 хэрэглээ, 160м3 түлээ гарсан гэв.