- Засгийн газрын өнөөдрийн /2018.11.14/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.5 их наяд юань буюу 230 тэрбум ам долларт хүрсэн байна.
БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1,000 шахам үзэсгэлэн яармаг, түүний дотор олон улсын чанартай 300 гаруй томоохон арга хэмжээ болдог. Шанхайд гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байдаг юм.