Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны нөөцийн банкны 2019 оны бодлого Монголын экспортын үнэ буурах эрсдэл үүсгэж мэдэх нь

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ирэх онд Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтвортой, инфляц 8% орчим хувьтай байх таамгийг Монголбанк гаргаж байна. Гэвч дотоод, ялангуяа гадаад эрсдлүүд өндөр байгааг төв банкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд 2018 оны есдүгээр сарын инфляцын тайланг танилцуулах үеэрээ онцоллоо.

Тодруулбал, АНУ-ын Холбооны нөөцийн банк ирэх онд бодлогын хүүгээ гурван удаа нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Ам.долларын ханш ийнхүү дахин чангарвал металлын зах, тэр дундаа алтны ханшид шууд сөргөөр нөлөөлдөг тул Монгол Улсын экспортын үнийг бууруулах эрсдэл болох нь. 

Түүнээс гадна БНХАУ, АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайны нөлөө, урд хөршийн бодлого нөлөөлөх хүчин зүйл болно. Харин түүхий эдийн ханш одоогоор тогтвортой байгаа ч ирэх онд буурч, худалдааны нөхцөл муудах төлөвтэй байна. 

2019 оны есдүгээр сард инфляц 6.5 хувьтай буюу өмнөх сараас 0.9 нэгж хувиар буурсан нь хүнсний ногоо болон махны үнэ хямдарснаас шалтгаалжээ. Цаашид мах болон хүнсний бүтээгдэхүүний үнэ буурах төлөвтэй хэдий ч шатахууны үнэ өсөх хүлээлттэй байгааг Монголбанк онцоллоо. Үүнтэй холбоотойгоор оны эцэст инфляц 7 гаруй хувьтай байх хүлээлттэй байна. 

Эдийн засгийн өсөлтийг тэтгэж байгаа хүчин зүйл нь уул уурхайн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, тэр дундаа “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт бөгөөд экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ харьцангуй тогтвортой байгаа нь манай экспортод эерэг нөлөө үзүүлж байна. “Оюу толгой” компани далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш тоног төхөөрөмж худалдан авахдаа томоохон компаниудын Монгол дахь салбараас худалдан авч буй нь худалдааны салбарын өсөлтийг нэмэгдүүлэх болжээ. Мөн тээвэр, үйлчилгээний салбарын өсөлтөд ч нөлөөлж байгааг Н.Ургамалсувд дурдлаа. 

Банкны салбар дахь нийт зээлийн хэмжээ аажмаар нэмэгдэж байна. Хэрэглээний зээл 20 орчим хувийн өсөлттэй байгаа бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 25 хувийг эзэлж байгаа бол бизнесийн зээлийн өсөлт 10 хувьтай. Нийт зээлийн хэмжээ өсөж байгаа учраас зээлийн дүнд эзлэх хувь бага харагдаж байгаа ч чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байгаа аж.  Ялангуяа, барилга, боловсруулах үйлдвэрийн салбарт чанаргүй зээл буурахгүй байгаа бол уул уурхай, үйлчилгээний салбарт сайжирч байгааг хэллээ.