Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд бизнест учирч болох ТОП 3 эрсдлийг нэрлэв

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Голомт” банк “Мандал даатгал” ХК хамтран “Эрсдлийн форумыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү форумын гол зорилго нь төр засаг, иргэн, аж ахуйн нэгжүүдэд эрсдлийн тухай мэдлэг, мэдээлэл түгээх, мөн улс оронд тулгамдаж буй эрсдлийг тодорхойлох, авах арга хэмжээ юу байж болох талаар зөвлөлдөх юм. Энэ жилийн форумаар 2019 онд бизнест учирч болох топ гурван эрсдлийн тухай хөндлөө.

Топ гурван эрсдэлд валютын ханшийн эрсдэл, цахим аюулгүй байдал болон таваарын ханшийн эрсдлийг хамааруулж байна

Топ гурван эрсдэл гэдэгт валютын ханшийн эрсдэл, цахим аюулгүй байдал болон таваарын ханшийн эрсдлийг хамааруулж байна. Бизнес эрхлэгчид болон жирийн иргэдийн хувьд хамгийн хүндээр тусдаг. Тэгвэл "Голомт" банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг уг эрсдлээс хамгаалах нэгэн шийдлийг хэлж байна. “Валютын ханшийн эрсдэл нь манай улсын бизнес эрхлэгчдэд, иргэдийн хувьд маш том эрсдэл. Тиймээс валют, үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтвортой, хүчтэй байлгах нь аливаа улс орны эдийн засгийн суурь бодлого, зарчим байдаг.

Манай улс валютын ханшаа алдаад байгаа нь төсвийн бодлого, намуудын популист амлалт, түүнийг хэрэгжүүлэх гэсэн үргүй зарцуулалттай холбоотой. Нөгөө талаас улс орны эдийн засгийг тогтворжуулж экспортод суурилсан үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулдаггүй. Зөвхөн нүүрс, төмрийн хүдэр гэсэн байгалийн баялагт найдсан эдийн засагтай байна. Үүнийг анхаарахгүй бол ханш унах явдал зогсохгүй, гарсаар л байх болно. Ийм учраас нам гэдэг ойлголтоо болиод төр засаг ойлголт руугаа шилжье. Төр засаг нь экспорт суурьтай эдийн засгийг бий болгоё. Түүнд монгол хүний оюуны бүтээлийг экспортыг бий болгох тухай асуудал багтах ёстой”.

 
Гэрэл зургийг Mpa.mn
"ТЕХНОЛОГИДОО ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙНХЭЭ МЭДЛЭГ, БОЛОВСРОЛЫГ Ч ДЭЭШЛҮҮЛЭХ ЁСТОЙ"

Техник технологийн хурдацтай хөгжлийг дагаад гарсан сүүдэр нь мэдээллийн аюулгүй байдал алдагдах болоод байна. Өнөөдрийн форумд хөндөж буй өөр нэг асуудал нь Мэдээллийн аюулгүй байдлаа хангах тухай байв. Энэ талаар Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч О.Батцэнгэл “Global Security Index нь улс үндэстний цахим аюулгүй байдлын түвшин ямар байгаа талаар судалдаг. Энэхүү индексээр манай улс 164 орноос 104-д Палестинтай хамт жагссан. Энэ нь улсын хэмжээнд цахим аюулгүй байдлын түвшин сул байгааг харуулж байна.

Цахим аюулгүй байдлыг хангах тал дээр банкууд болон үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниуд илүү анхаарлаа хандуулдаг бол бусад төрлийн бизнесийн байгууллага төдийлөн хангаж чадахгүй байна. Хэдийгээр өндөр үнээр технологиуд авч, үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэх гэх мэтээр технологио шинэчилж байгаа ч аюулгүй байдлаа хангах талаа орхигдуулаад байгаа юм.

Зарим байгууллага дотоод мэдээллээ нууцлах нь мэдээллийн аюулгүй байдлаа хангаж байна гэж ойлгодог бол зарим нь вирусийн эсрэг программ, ямар нэг технологи худалдаж авах нь мэдээллийн аюулгүй байдал гэж ойлгодог. Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлаа хангана гэдэг нь технологидоо хөрөнгө оруулахын зэрэгцээ мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, боловсролыг ч дээшлүүлэх явдал бөгөөд эдгээрийн уялдаа холбоог хангах процессыг цогцоор нь хэрэгжүүлэх нь чухал.

Ө.Ганзориг: Хятадын эдийн засгийг судалдаг шинжилгээний институц байгуулах шаардлагатай
 
Гэрэл зургийг Mpa.mn

2019 онд бизнест учирч болох топ 3 эрсдлийн нэг нь таваарын ханшийн эрсдэл. Энэ талаар “Голомт” банкны захирал Ө.Ганзориг “Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн ханш Хятадын эдийн засаг саарсанаас болж унах магадлалтай байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засгийг Хятадын эдийн засагтай хэт хамааралтай байна гэж зөндөө ярьсан. Харамсалтай нь энэ хамаарлыг бууруулахын тул дорвитой зүйл хийсэнгүй.

Хоёрдугаарт, Хятад гэдэг дэлхийн 2 дахь том зах зээл. Үүнээс АНУ-ын эдийн засаг ч мөн хамаарч байна. Ийм байхад манай эдийн засаг Хятадаас хамаарч байгаа тул үүнийг ухамсрын түвшинд ойлгон Хятадын эдийн засгийг судалдаг судалгаа шинжилгээний институц байгуулах шаардлагатай. Хэрэв Хятадын эдийн засаг унах гээд эхэлбэл яах вэ гэдгээ тооцох хэрэгтэй” гэлээ.  

Ц.Энхжаргал: Компаниуд хамтран бизнесээ өргөжүүлэх нь тустай

Форумын үеэр байгууллагын хүний нөөцөд учирч буй эрсдлийг "Голомт" банкны Талент менежментийн хэлтсийн захирал Ц.Энхжаргал ийнхүү тодорхойллоо. “Хүний нөөцийн асуудал гэхээр ажилчдын түвшинд их анхаардаг. Гэтэл удирдах ажилтны ур чадвар хангалтгүй байгаа тул тэдний ур чадварыг ч мөн анхаарах нь зүйтэй. Ялангуяа менежерүүдийнхээ хөгжилд анхаарах зайлшгүй шаардлагатай. Мөн сэтгэл зүйд суурилсан удирдах менежментийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Менежерүүд өөрийгөө болон ажилтнуудын ур чадварыг таних, хөгжүүлэх харилцан ойлголцох чадвараа хөгжүүлбэл хүний нөөцийн эрсдэл буурах боломжтой. Энэ эргээд компанийг хүчирхэгжүүлнэ” гээд цөөн хүнтэй байгууллага ихсэх нь хүч тарамдах дутагдал бий болж байгаа тул компаниуд хамтран бизнесээ өргөжүүлэх нь тустай гэсэн юм.