Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон компани хоёр дахь төв байраа АНУ-ын хоёр хотод хувааж байгуулахаар болов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны аварга компани Амазон өнөөдрийг хүртэл Вашингтон мужийн Сиэтл хотод төвлөрч ирсэн юм. Харин жилийн өмнө хоёр дахь төв байраа байгуулах хотыг сонгох уралдаан зарлаж, зөвхөн АНУ төдийгүй, Канад, Мексикийн хотууд өрсөлдөж эхэлсэн.

Тус компанийн төв байрыг хотдоо байршуулах нь эдийн засгийн маш том боломж тул өрсөлдөөн ширүүн байлаа.

Тэгвэл өчигдөр Амазон удаан хүлээлгэсэн шийдвэрээ зарлажээ. Ингэхдээ хоёр дахь төв байраа хоёр хотод хувааж байгуулахаар болсон байна.

Сонгогдсон азтай хотууд нь Нью Йоркийн дагуул хот Лонг Айлэнд Сити, Виржиниа мужийн Арлингтон болжээ.

Үүнээс гадна Амазон Теннеси мужийн Нэшвиллд шинэ оффистой болж, $230 саяын хөрөнгө оруулж, 5,000 хүн ажилд авахаар болсон байна.

Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безос мэдэгдэлдээ “Бид шинэ төв байруудаа Нью Йорк хот, Умард Виржиниад байгуулах болсондоо баяртай байна. Эдгээр хоёр газар нь ирэх он жилүүдэд дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийг татаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд туслана гэж найдаж байна” гэж бичжээ.

25,000 ажлын байр шинээр бий болгох Амазоныг ирүүлэхийн тулд Нью Йорк хот $1.525 тэрбумын татварын хөнгөлөлт амласан бол Виржиниа муж $573 саяын хөнгөлөлт амлаж байв.

Теннесигийн Нэшвиллд оффис байгуулах болсныхоо төлөө Амазон бас орон нутгийн захиргаанаас $102 саяын татварын хөнгөлөлт эдлэхээр болжээ.

Гурван хотод бий болох ажлын байрууддаа ирэх оноос эхлэн хүмүүсийг шалгаруулж авахаар болсон байна. Шинэ байрны түрүүч нь 2019 оны сүүлээр ажиллаж эхлэх гэнэ.

Шинэ төв байрны төлөө өрсөлдөөн 2017 оны есдүгээр сард эхэлж байв. Амазон шинэ байрандаа 50,000 ажлын байр үүсгэж, $5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ амласан тул Америкийн бараг бүх том хотууд нэрээ дэвшүүлсэн юм.

Саяхныг хүртэл сонгогдох хотоор нийслэл Вашингтон ДС шалгарна гэсэн яриа тараад байв. Харин Нью Йорк хотын нэр төдийлөн яригдахгүй байсан бөгөөд мужийн захирагч Эндрью Куомо хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярихдаа “Хэрвээ манай хот шалгарвал би нэрээ Амазон Куомо болгож өөрчилнө. Учир нь энэ бол эдийн засгийн асар том боломж” хэмээн хошигнож байжээ.

 

Эх сурвалж: Business Insider