Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Килограммыг тодорхойлох арга шинэчлэгдэх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд хүндийн хэмжүүр болдог килограмм нь яг хэр хүнд байхыг тогтоох арга шинэчлэгдэхээр болжээ.

Өнөөдрийг хүртэл үүнийг тодорхойлохдоо Францад хадгалагдаж байгаа гольфийн бөмбөгний хэмжээтэй метал цилиндрийг ашигладаг байв.

Зуу гаруй жилийн хугацаанд үүнийг килограммын жинхэнэ утга гэж үзэн бусадтай жишдэг байжээ. 

Тэгвэл ирэх Баасан гарагт Парисын баруун талд орших Версальд олон улсын төлөөлөгчид цугларан килограммыг тодорхойлох шинжлэх ухааны томъёог хэлэлцэх гэнэ.

Өөрөөр хэлбэл килограммын хэмжүүрийг тогтоохдоо заавал ямар нэг метал биеттэй харьцуулахгүй, тусгай томъёогоор тооцоолж байх юм.

Ингэснээр 1889 оноос хойш ашиглаж ирсэн Grand K гэгддэг метал цилиндртэй давхар ашиглагдах томъёо бий болох ажээ.

Франц дахь Олон Улсын Жин, Хэмжүүрийн Товчоо нь франц хэлээр BIPM гэж товчлогддог бөгөөд уртын хэмжүүр метр, хүндийн хэмжүүр килограмм, хугацааны хэмжүүр секунд, цахилгаан гүйдлийн хэмжүүр ампер, температурын хэмжүүр кэлвин, бодисын тоо хэмжээ моль, гэрэлтэлтийн хэмжээ кандель гэсэн хүн төрөлхтний долоон гол хэмжүүрийн эталоныг тодорхойлж, хадгалж байдаг.

Эдгээрээс одоо ганцхан килограмм нь физик эталонтой (Grand K) үлдээд байгаа. Жишээ нь метрийг өмнө нь жишиг метал шугамаар тодорхойлдог байсан бол одоо вакуум орчинд 1/299,792,458 секундын хугацаанд гэрлийн туулах замыг нэг метр гэж томъёолдог болжээ.

Сонирхолтой нь Америкчууд фунт, унц зэрэг өөр хүндийн хэмжүүр хэрэглэдэг ч BIPM байгууллагыг 1875 онд анх байгуулалцсан 17 гишүүн орны нэг юм.

Дэлхийн улс орнууд өөр өөрийн метал эталонтой, түүнийгээ Франц дахь “Grand K”-тэй үе үе жишиж баталгаажуулдаг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press