Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэж явахдаа машин нь шатаж, биеийн 95% түлэгдсэн монгол жолоочид хандив хүслээ

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гашуунсухайт боомтын чиглэлд 166 ААН, байгууллага нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь “Омог цагаан шонхор” ХХК бөгөөд энэ сарын 9-ний өдөр тус компанид жолоочоор ажилладаг Д.Дашдоржийн жолоодож явсан машины бүхээгт гал гарсны улмаас биеийнх нь 95 хувь түлэгджээ. Харин машины бүхээг бүхэлдээ шатсан байна. Ослын шалтгааныг нүүрс тээвэрлэдэг машинуудад хэрэглэж буй зориулалтын бус агааржуулалт, халаагуурын сэнстэй холбоотой хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон иргэн Д.Дашдоржийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Д нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осолд орж биеийнх нь 95 хувь түлэгдсэн. Гэтэл “Омог цагаан шонхор” хэмээх ХХК нь ажилтныхаа эмчилгээний зардлыг олгохгүй байна. Үйлдвэрлэлийн осолд орсон ажилтны эмчилгээний зардлыг байгууллага нь хариуцах хуультай. Гэвч Монгол Улсад бүртгэлтэй, Хятад эзэнтэй тус компанид хууль үйлчлэхгүй байна. Тиймээс бид Д-ийн эмчилгээний зардлыг олготол үйл ажиллагааг нь түр зогсоохыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Уул уурхайн сайдаас хүссэн” гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Д.Дашдоржийн Эхнэр Туул “Манайх ам бүл тавуулаа. 1-8 насны гурван хүүхэдтэй. Нөхөр маань гэр бүлээ тэжээдэг ганц хүн. Осол шөнийн 02:00 цаг орчимд гарсан. Одоогоор даралт хэлбэлзэлтэй, зүрх судасны үйл ажиллагаа хүнд, шокийн байдалтай байна. Осол гарснаас хойш “Омог цагаан шонхор” ХХК-тай уулзахаар хоёр удаа уулзалт товлосон. Эхний удаад 16 цагт уулзая гэчихээд шөнийн 23 цаг өнгөрч байхад ирсэн. Дараагийн удаад эмчтэй нь уулзая гэсэн. Тэгэхээр нь 11 цагт эмчийг нь хүлээлгэсэн байхад 16 цагт ирсэн. Иймэрхүү байдалтай бид нартай харьцаж байгаа.

Мөн Хятадын талаас эмчилгээний мөнгийг гаргахгүй гэсэн байр суурьтай байна гэдгийг уламжилсан. Үнэхээр гомдолтой байна. Хамгийн чухал эмчилгээ нь донор арьс нөхөх эмчилгээ. Гэтэл Монголд байгаа нөөц нь маш хангалтгүй байгаа тул гаднаас захиалж авчрах шаардлагатай байгаа” гэлээ.

Эмчилгээний зардал нэг өдөрт багадаа 2 сая төгрөг шаардагдаж байгаа юм байна. Тиймээс нийт ард иргэдээс хандив хүслээ.

Хандивын данс нь 5721594599 Туул

“Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрс чиглэлд нүүрс тээвэрлэлтийн 166 ААН, байгууллагын 12 мянга орчим тээврийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн тээвэрлэлтийн салбарт жилдээ 1,500 орчим осол бүртгэгддэг байна.