Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ирландын эргийн ойролцоо үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ирландын Нислэгийг Удирдах газар тус улсын баруун өмнөд эрэг дагуу хурц гэрэл, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгдсэн гэх мэдээллийг шалгаж байна.

Өнгөрсөн Баасан гарагийн өглөө Бритиш Эйрвэйз компанийн нисгэгч анх Шэннон хотын агаарын урсгалыг хянах төвтэй холбогджээ. Тэрээр өөрийнх нь нисэж яваа хэсэгт ямар нэг цэргийн сургуулилалт явагдаж байгаа үгүйг асуусан байна.

Учир нь тэнд маш хурдтай нисэж байгаа биетүүд байгааг тэр хэлжээ.

Хяналтын төв энэ хэсэгт ямар нэг арга хэмжээ болоогүйг тухайн үед хариу мэдэгдсэн байна.

Канадын Монреалаас Лондоны Хитроу нисэх буудлыг чиглэн нисэж байсан нисгэгч хэлэхдээ түүний зорчиж байгаа хэсэгт маш хурц гэрэл гялбаж, онгоцных нь зүүн талд нэгэн биет ойртож ирээд дараа нь хойд зүгийг чиглэн маш хурдтай ниссэн гэжээ.

Нисдэг биет онгоцтой мөргөлдөх шинжгүй байсан тул нисгэгч төдийлөн айгаагүй гэнэ. Мөн энэ хэсэгт зорчиж байсан Виржин авиа компанийн онгоцны нисгэгч тухайн үед солир мэт хурц гэрэлтэй биет агаар мандалд орж ирэхийг харснаа мэдээлжээ.

Түүний батлан хэлснээр олон нисдэг биетүүд ижил траекторын дагуу нисэж байсан гэнэ. Мөн тэд маш хурцаар гэрэлтэж байжээ.

Тэднээс хоёр нь баруун зүгийг чиглэн хурдтай холдсон байна. Тэдний хурдыг астрономын хэмжүүрээр Mach 2 буюу дууны хурднаас хоёр дахин их гэж нисгэгч баримжаалжээ.

Нисгэгчдийн өгсөн мэдээллийн дагуу шалгалт үргэлжилж байгааг Ирландын Нислэгийг удирдах газар мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: BBC