Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос хамгийн багадаа 13 пуужингийн баазыг нууж байгаа гэж АНУ-ын судлаачид дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд Умард Солонгосын дэглэмийг хамгийн багадаа 13 пуужингийн бааз нууцаар ажиллуулж байгаа тухай өгүүлжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа Пёньяны дэглэмийг цөмийн зэвсгээс нь салгах чухал тохиролцоонд хүрсэн гэдэг. Энэ уулзалтаас хойш Умард Солонгосын тал цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоож, туршилтын талбай, цөмийн байгууламжуудаа устгасан.

Гэвч Вашингтонд төвтэй Center for Strategic and International Studies байгууллагын судлаачид Умард Солонгосын газар нутагт олон улсад ил зарлаагүй 13-20 туршилтын нууц талбай байгаа гэсэн дүгнэлт гаргажээ.

“Эдгээр нь устгасан байгууламжуудаас тусдаа. Ажил үргэлжилж байгаа. Энхийн гэрээ байгуулсны хариуд тэд ганц туршилтын талбайг буулгаж, цөөн хэдэн байгууламжийг устгаснаар Трампын байгуулсан гэрээг үр дүнгүй болгох вий гэсэн айдас төрүүлж байна” гэж тус байгууллагын Умард Солонгосын хөтөлбөрийн захирал Виктор Ча Нью Йорк Таймс сонинд ярьжээ.

Чаг Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайдаар томилох асуудал яригдаж байсан юм. Гэвч Трампын засаг захиргааны бодлоготой санал нийлээгүйн улмаас тэр энэ томилгооноос татгалзаж байжээ.

Умард Солонгос даяар оршиж байгаа эдгээр нууц байгууламжууд нь уулсын дунд, газар доогуур хонгил хэлбэрээр байгуулагдсан байгаа гэнэ.

Эндээс хөдөлгөөнт пуужин харвагчид богино хугацаанд ил гарч, цөмийн хошуу тээвэрлэгч зэвсгүүдийг харвах чадвартай гэж судлаачид дүгнэжээ.

Байгууламжууд гурван бүсэд хуваагдан төвлөрөөд байгаа гэнэ. Дунд тусгалын буюу Өмнөд Солонгос, Японд цохилт өгөх чадвартай пуужингууд Зэвсэггүй Бүсээс (DMZ) хойш 90-150 км зайнд байрлаж байгаа бол ойрын тусгалын пуужингууд 50-90 км дотор байрлажээ.

Харин алсын тусгалын зэвсгүүд нь тус улсын газар нутгийн гүнд байгаа гэж дүгнэсэн байна. Тайланг гаргахдаа Солонгосын хойгийн дээр байрлаж байгаа хиймэл дагуулын зураглалыг ашиглажээ.

Үүнээс гадна Умард Солонгосоос дүрвэж ирэгсдийн яриа, тагнуул, засгийн газрын эх сурвалжуудын мэдээлэл дээр үндэслэсэн байна.

 

Эх сурвалж: AFP