Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

BTS хамтлагийн гишүүний цамц Өмнөд Солонгос, Японы харилцааг муутгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосоос дэлхийд танигдсан анхны k-pop хамтлаг гэгдэж байгаа BTS-ийн нэгэн гишүүний өмссөн цамц улс хоорондын дипломат харилцаанд маргаан дэгдээгээд байна.

Тус хамтлаг өнгөрсөн долоо хоногт Японы Асахи сувгаар амьд тоглолтоо үзүүлэх гэж байсан боловч Жимин хэмээх нэртэй гишүүний өмссөн цамцнаас болоод цуцлагдсан юм.

Түүний цамцны ар талд “эх оронч үзэл”, “манай түүх”, “чөлөөлөлт” гэсэн үгнүүдийг жагсааж, хажууд нь 1945 онд Хирошима хотод хаясан атомын бөмбөгний мөөгөн хэлбэртэй үүлийг дүрсэлсэн байв.

Японы зарим иргэд Жиминий өмссөн цамцны зургийг өдөөн хатгалга гэж үзэн сошиал сүлжээнд шүүмжилцгээж эхэлсэн байна.

Гэтэл Өмнөд Солонгосын зарим улс төрчид түүнийг өмгөөлсөн мэдэгдэл хийсэн нь улс хоорондын маргааныг улам даамжрууллаа.

Өмнөд Солонгосын консерватив намын гишүүн Ким Жон Хва “BTS худал мэдээ тараасан гэж үү? Цамцан дээрх зураг нь харин ч түүхэн баримтыг үзүүлсэн байна” гэж саяхан мэдэгджээ.

Тэгвэл эрх баригч Ардчилсан Намын төлөөлөгч Хон Ик Пё “BTS-ийн тоглолтыг улс төрийн шалтгаанаар цуцалсан Японы телевизийн буруу” гэж мэдэгдсэн байна.

Солонгосын эрх чөлөө нам тэднээс илүү хатуу мэдэгдэл хийхдээ “Японы тал түүхийн бодит баримтыг үгүйсгэсэнд гүнээ харамсаж байгаа”-гаа илэрхийлжээ.

Харин Японы улс төрчид энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй бол зарим судлаачид нь Өмнөд Солонгосын улс төрчдийн мэдэгдэлд шүүмжлэлтэй хандаж байна. Фукуи мужийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Ёичи Шимада “Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтөөр тэр үед Японд ажиллаж, амьдарч байсан олон зуун Солонгос иргэн амиа алдсан. Тэдний үхэл энэ хүмүүст хамаагүй юм гэж үү? Одоогоор ерөнхийлөгч Мүүн Жэ Ин уг асуудлаар болгоомжгүй үг хэлээгүй байна. Улс үндэстэн бүрт мэдрэмжгүй, жижиг улс төрчид байдаг. Тэдний үгийг тоохгүй байх нь хамгийн зөв үйлдэл юм” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post