Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт болох "Супер каратэдо" олон улсын тэмцээнд Япон, Канад, ОХУ, Швейцарын тамирчид оролцоно

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Энэ жил Монголын Үндэсний Их сургуулийн үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү ойг тохиолдуулан каратегийн холбоод МҮИС-тай хамтран Япон улсын Доктор Масаюке Хисатакагийн нэрэмжит “Киошике” каратэ төрлийн "Супер каратэдо" олон улсын нээлттэй тэмцээнийг ирэх 16-18-ны өдрүүдэд Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд Япон, Канад, ОХУ, Швейцар зэрэг олон улсын тамирчид хүч үзэхээр болжээ.

Энэхүү спортын төрлийн нэг онцлог нь ирэх 2020 онд болох Токиогийн Олимпийн төрөлд шинээр орсноороо онцлог аж. Тийм ч учраас тус тэмцээнээр дамжуулан Монголын каратэгийн тамирчдыг Олимпийн тавцанд хүрэхэд нь бэлтгэх, олон улсын тамирчидтай өрсөлдүүлж, бэлтгэл сургуулилт явуулах зэрэг олон талын ач холбогдолтойг тэмцээнийг зохион байгуулагчид онцоллоо.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Монголын Олимпийн Каратэгийн холбооны Дэд ерөнхийлөгч Д.Энхбаяр "Манай каратэгийн холбоо 1989 онд байгуулагдаж байсан. Тэр үед Монголд анх үүсэн байгуулагдсан тулааны урлагийн холбоо болж байсан юм.

Ирэх 2020 оны Токиогийн Олимпод каратэ спортын төрөл орсонтойгоор холбогдуулан ийнхүү нэрээ Монголын Олимпийн Каратэгийн Холбоо болгон өөрчлөөд байна. Энэ удаагийн тэмцээнийг хэд хэдэн байгууллагатай хамтран зохион байгуулах болсон. Тус олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар монголын хүүхэд залуучуудын дунд каратэгийн спортоор хичээллэх хүслийг нь нэмэгдүүлж мөн тамирчдын дунд илүү их амжилт гаргаж, цааш өсөн дэвшээсэй гэж хүсэж бидний зүгээс энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар болоод байна” гэлээ.

Энэхүү тэмцээнд хүч үзэх хүсэлтэй тамирчдыг Монголын Үндэсний Их сургууль дээр бүртгэж байгаа юм байна. Тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна.

Мөн тэмцээнд шалгарсан тамирчдыг тэмцээний маргаашаас эхлэн Монголын каратэгийн шигшээ багт элсүүлэхээр Монгол-Японы хамтарсан багш, дасгалжуулагч нар бэлтгэн ажиллах болсныг дуулгалаа.