Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Масератигаар зочдоо тээвэрлэх APEC-ийн уулзалт Папуа Шинэ Гвинейд эхлэх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

APEC буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн сүүлээр Папуа Шинэ Гвинейд болох гэж байна.

Ши Жиньпин, Майк Пэнс, Шинзо Абэ, Жастин Трюдо нар оролцох энэ томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж тус байгууллагын хамгийн ядуу гишүүн орон бүхнээ зориулж байгаа юм.

Папуа Шинэ Гвиней бол APEC-ийн 21 гишүүн орноос хамгийн ядуу нь болохоос гадна дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 130 дугаарт, авлигын индексээр 135 дугаарт ордог. Мөн нийслэл Порт Морсби нь дэлхийн хамгийн аюултай хотуудын нэгэнд байнга нэр дурдагддаг.

Үүнээс болоод АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс энэ хотод сааталгүй, хөрш Австралийн Кэйрнс хотоос өдөр бүр Порт Морсби руу нисэж, орой нь буцахаар болсон байна.

Папуа Шинэ Гвиней улсын засгийн газар энэхүү арга хэмжээг ашиглан дэлхийн тавцанд гарч, хөрөнгө оруулалт татна гэсэн хүлээлттэй байгаа. 2013 онд APEC-ийн уулзалтыг зохион байгуулах болсноо зарлах үед тус улсын ирээдүй гэрэлтэй харагдаж байв. Бүтээн байгуулалт өрнөж, шингэрүүлсэн хийн том төсөл энэ улсад хэрэгжиж эхэлж байлаа. Хэрвээ эдийн засгийн байдал тэр чигтээ өнөөдрийг хүртэл үргэлжилсэн бол APEC-ийн уулзалт Папуа Шинэ Гвинейд үнэхээр ач холбогдолтой арга хэмжээ байв.

Гэвч газрын тосны үнэ унаснаар шингэрүүлсэн хийн үйлдвэрлэл нь ашиггүй болж, малариа, сүрьеэ зэрэг өвчний халдвар тарж, Папуа Шинэ Гвинейн эдийн засаг гүн хямраад байна.

Гэсэн хэдий ч засгийн газар нь APEC-ийг нэр төртэй зохион байгуулахаар байдгаа шавхаж байгаа юм. Өнгөрсөн сард тэд Италиас цоо шинэ 40 ширхэг Масерати загварын автомашин захиалж авсан нь дотооддоо төдийгүй дэлхий нийтийн шүүмжлэлд өртсөн. Үүнээс гадна 3 ширхэг Бэнтли автомашиныг APEC-ийн зочдод үйлчлэхээр худалдаж авсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр ихэнх төрийн тэргүүнүүд өөрсдийн хуяглагдсан тусгай машинаар зорчих тул эдгээр спорт загварын тансаг төмөр хүлгүүдийг юунд зориулж ашиглах нь тодорхойгүй болжээ.

Мөн Порт Морсби хотын зочид буудлууд энэ долоо хоногт айлчлан ирэх 5,000-7,000 хүнд хүрэлцэхгүй байгаа тул засгийн газар гурван ширхэг том хөлөг онгоцыг түрээсээр эрэгтээ байрлуулж, сэтгүүлчид, албаныхныг буулгахаар болсон байна.

Одоогоор ганцхан Майк Пэнс тус улсын нийслэлд хоноглохгүйгээ мэдэгдээд байгаа бол бусад улсуудын төрийн тэргүүнүүд ч ингэж магадгүй байгаа юм.

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн энэ шийдвэр тус улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй байна.

Дональд Трамп энэ удаагийн APEC-ийн уулзалтад ирэхгүй болсон нь ч үүнтэй холбоотой байх магадлалтай. Харин зочдоос Папуа Шинэ Гвинейн уулзалтад хамгийн өндөр ач холбогдол өгч байгаа улс нь Хятад болоод байна.

Хятад улс өнгөрсөн онд $3.94 тэрбумын зээл тусламжийг Папуа Шинэ Гвинейд өгөхөөр амласан. Бээжингийн энэ найрсаг харилцаа тус улсын хамгийн ойр түнш Австралийг айлгаж байгаа. APEC-ийн өмнө Австраличууд Хятадын эсрэг арга хэмжээ болгон Папуа Шинэ Гвинейд 3 тэрбум австрали долларын зээл тусламж үзүүлэх болсноо зарласан юм.

Хамгийн ойр эрэг нь 4 км зайтай Папуа Шинэ Гвинейд Хятадууд нөлөөгөө тогтоохыг Австрали хүсэхгүй байгаа.

Тиймээс энэ удаагийн APEC-ийн дээд хэмжээний уулзалт Хятадын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian