Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Содномдаржаатай уулзахад дарамтлуулсан, шоронд болдог айхавтар зүйлс болоод өнгөрсөн талаар ярьсан"

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял авсан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, өмгөөлөгч Г.Баянбилэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийн захиалгаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан мэтийн хүмүүсийн гүтгэлгээр хүүг минь хохироож байгааг эсэргүүцэж би өнөөдөр мэдээлэл хийж байна.

Саяхан хүүтэйгээ уулзаад яаж дарамтлуулж байсныг нь сонсоод ирлээ. Миний хүүг баривчилж явсныхаа дараа тусгайлан бэлдсэн өрөөнд оруулаад Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна. Ингэхдээ үсдэж, зодож, чихийг чинь огтолно, нүдийг чинь сохолно, энэ хэргийг хүлээхгүй бол чи гэртээ харихгүй хэмээн дарамталж байсан талаар хүү минь хэллээ.

Мөн мансууруулах бодис хэрэглүүлж, янз бүрийн аппаратад оруулах гэх мэтээр хэрэг хүлээлгэхээр оролдож байсан байна. Шүүх хурлыг нээлттэй явуулаач гэж бидний зүгээс олон удаа хүсэлт тавьсан. Тухайлбал, Орхон аймгийн 1,000 гаруй иргэн гарын үсэг цуглуулан бичиг өгсөн. С.Оюун гишүүн шүүх хурлыг нээлттэй явуулаач гэж хүсэлт тавихад ч хүлээж аваагүй.

Бас нэг гэр бүлийн дөрвөн хүнийг шатаасан гээд хэргийг миний хүүд хамаатуулсан. Цахилгааны гэмтлийн улмаас шатсан гээд дүгнэлт нь гарсан айлыг Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа гурав хэргийнхээ ул мөрийг арилгахаар шатаасан гээд байгаа. Гэтэл тэр айл С.Зоригийг хөнөөсөн хэргээс найман жилийн дараа шатсан байна.
Амгаланбаатар гэдэг хүний үгээр л хүүг минь яллачихлаа. Амгаланбаатар гэдэг хүн үүнийхээ хариуд шоронд эрх дураараа явж байна.

Сүүлийн үед бичигдсэн ном, сурвалжилга эх сурвалжид бүгдэд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёр гэдгийг бичсэн байна.

Ямар ч хэрэг хийгээгүй миний хүү хэлмэгдэж, гурван жил гаруй чанга дэглэмтэй хорих ангид хоригдлоо. Намайг хэвлэлийн хурал хийлээ гэж хүүг минь янз бүрээр хэлж, дарамт үзүүлбэл би тагнуул, шүүх, прокурор хэн байдаг юм тэр хүмүүсээс л хариуцлага нэхнэ шүү" хэмээсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Л.Жавзмаа гуай энэ хэргийн үнэн мөнийг шалгаж өгөөч хэмээн Ерөнхийлөгч, УИХ, хууль хяналтын байгууллагуудад 100 гаруй захиа бичжээ. Заримд захианд нь хариу ирсэн бөгөөд "хэргийг шалгаж байна, хүүг чинь шалгаж байгаа" гэсэн агуулгатай байдаг гэнэ. Ийм нөхцөлд байгаа учраас хэвлэлийнхэнд хандахаас өөр аргагүй байгаагаа Л.Жавзмаа гуай хэлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч Г.Баянбилэг "Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа хэргийг илрүүлж, 20 жилийн дараа шүүхээр шийдлээ. Хэргийг шүүхээр шийдсэний дараа захиалагчийг хайж байгаа, захиалагчийг эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байна гэсэн мэдээлэл гарч байсан ч сүүлийн үед прокуророос хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа учир хааж байна гэх мэдээлэл өгөх болсон Ерөнхий прокурор хүртэл нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг дахин хянахгүй гэсэн агуулгатай зүйлийг УИХ дээр ярьсан.

Гэхдээ хуулийн дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүйг хэлмээр байна. Эрүүгийн хуулийн хулийн 10.1.2 дахь заалт буюу "хүнийг алах" гэх заалтаар ял шийтгэсэн. Энэ зүйл заалтаар 12-20 жил хорих эсвэл бүх насаар нь хорих ял оноодог. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бүх насаар нь хорих ял эдлүүлэхээр заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн зохицуулалт байгаа.

Мөн хорих ялыг багасгалаа, хорих ангийн дэглэмийг буурууллаа гээд байгаа. Гэтэл шинэ хуульд 20 жил хүртэл хорих гэж заасан байгаа учраас дээд шүүхээс хуульд нийцүүлэн 20 жилийн ял оноосон. Хорих ангийн тухайд шинэ хуулиар гяндан гэдэг ойлголт байхгүй болж, хорих анги хаалттай, нээлттэй гэсэн хэлбэртэй болсон. Тэгэхээр дэглэм буураад, хөнгөрүүлээд байгаа зүйл байхгүй.

Уг нь энэ хэрэг анхнаасаа нууцад хамаарах хэрэг биш. Хүн амины хэргийг нууцад хамааруулж, ТЕГ-т өгч харьяалал зөрчөөд шүүх хурлыг хаалттай хийсэн. Ингээд хаалттай явсаар байгаад шийдэгдчихсэн.

Б.Содномдаржаатай уулзахад хүнлэг бус байдлаар дарамт үзүүлж, шоронд болдог айхавтар зүйлс болоод өнгөрсөн талаар ярьсан" хэмээн хэлэв.