Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Ерөнхий сайд дутаад байгаа эрх мэдлээ УИХ-аар хэлэлцүүлж гаргуулж ав

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би энэ мэдэгдлийг МАН-ын бүлгийн даргын хувьд, МАН-ын УЗ-ийн гишүүний хувиар бус УИХ-ын гишүүний хувиар хийж байна.

ЖҮДХС-г тойрсон шуугиан намжихгүй байна. Засгийн газар, намын түвшинд ямар ч бодитой арга хэмжээ авч чадахгүй байна. Зөвхөн ХХААХҮ-ийн сайдыг огцруулснаар энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай намын удирдлагуудад байх шиг байна.  

Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга нарт ЖҮДХС-аас зээл авсан албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооцохыг шаардаж мэдэгдэл хүргүүлж байна.

Намын даргатайгаа зөрчилдөж байна, Засгийн газраа унагаах гэж байна гэсэн яриа байна. Би намын даргатайгаа зөрчилдөөгүй, шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт зориулж чуулган дээр үг хэлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулган болон бүлэг дээр хэд хэдэн удаа болчимгүй үг хэлсэн. “Би ард түмнээсээ дэмжлэг хүснэ. УИХ-ыг тараана, дараа нь засгаа огцруулна, дараа нь өөрөө огцорно” гэж хэлсэн. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас томилогдсон Засгийн газарт байхгүй. Энэ Үндсэн хуулиар хориотой.

УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст шат шатандаа хариуцлага тооцохыг шаардаж байна.

Тухайлбал, УИХ-ын Ёс зүйн хороогоор оруулж хариуцлага тооц гэж байгаа. Энэ сангаас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. УИХ-аас томилогддог албан тушаалтнуудад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөл.

Тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос гаргуул.

Ерөнхий сайдад ЖДҮХС-тай холбогдсон сайдууддаа нэн яаралтай хариуцлага тооцож орных нь хүмүүсийг томил. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор намын бага хурлаа хуралдуулж, нэр холбогдсон УЗ-ийн гишүүдээ чөлөөл гэж шаардаж байна.

Ерөнхий сайд “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болсон. Хий дэмий архирдаг болсон” гэж хэлсэн. Яагаад ингэж хэлснээ тайлбарлахыг шаардаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад эрх мэдэл нь байна. Ерөнхийлөгч шүүх, прокурорыг томилж, хариуцлага тооцох эрх мэдэл нь байна. Ерөнхий сайд тагнуул, цагдаа, АТГ гээд эрх мэдэл нь байна.  Ерөнхий сайдад өөр ямар эрх мэдэл дутаад байгаа юм. Бид эрх мэдлээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хэрэв эрх мэдэл нь дутаад байгаа бол УИХ-аар хэлэлцүүлж гаргуулж ав” гэлээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай намын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирснийг танай намынхан аваад үлдэж байсан. Тэгэхэд одоо энд шударга хүний дүр эсгээд зогсох нь хэр ёс зүйтэй юм бэ?

-Би Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлж шалгах ёстой гэсэн байр суурьтай байсан. Харин Б.Батзориг гишүүний тухайд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ч эс түдгэлзүүлсэн ч шалгаад явах бүх эрх нь нээлттэй гэж үзсэн учраас түдгэлзүүлэхгүй гэдэг дээр би саналаа өгсөн.

-ЖДҮХС-гаас зээл авахыг дэмж гэдэг утгатай албан бичиг УИХ-ын гишүүд явуулж байсан гэсэн?

-ЖДҮХС-тай холбоотой маш олон хүсэлт гишүүдэд ирдэг. Хэрэв миний нөлөөллөөр нэг компани зээл авсан байвал би шалгуулахад бэлэн байна.

-ЖДҮХС-тай холбогдсон долоон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн гэсэн. Мөн Засгийн газрыг огцруулах саналд 29 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл яваад байгаа?

-Би сонсоогүй. Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй.

-Намын гишүүд дундаас зээл авсан нэлээн олон гишүүн гарч ирлээ. Та бүлгийн даргынхаа хувьд зээл авсан гишүүддээ ямар хариуцлага тооцох вэ?

-Нэр гараад яваад байгаа гишүүн болгоныг үнэн гэж хэлэх баримт надад алга.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж буй шаардлага